Францын Хөдөө аж ахуй, хүнсний сайд Марк Фено энэ сарын 8-нд буюу өнгөрсөн бямба гарагт манай улсад нэг өдрийн богинохон айлчлал хийв. Яамныхаа сургалт судалгаа, хүнс, эдийн засгийн асуудал хариуцсан цөөнгүй албатын хамт ирсэн тэрбээр өнгөрсөн бямба гарагт ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунтай “Чингисийн хүрээ” ресторанд уулзалт хийж, дараа нь Төв аймгийн Аргалант сумын “Нүүдэлчин агро” фермийн үйл ажиллагаатай танилцаж, Монголын тал нутагт түр саатсан юм.
Учир нь “Нүүдэлчин агро” ХХК-ийн хувьд 2013 оноос эхлэн Франц улсаас сүүний чиглэлийн “Монбелиард” үүлдрийн үхэр импортолж, Төв аймгийн Баяндэлгэр, Аргалант зэрэг сумд сүүний үхрийн кластер фермийн аж ахуйг хөгжүүлж байгаа билээ. Тиймээс Францын Хөдөө аж ахуй, хүнсний сайд тус фермийн үйл ажиллгааатай танилцаж, өөрийн орны өндөр ашиг шимтэй мал нь Монголд хэр дасан зохицож байгааг сонирхсон гэсэн үг. Тэгээд ч манай улсын хувьд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх хүрээнд Франц улстай малын үүлдэр угсааг сайжруулах чиглэлд хамтран ажиллах хүсэл сонирхол бий.
Марк Феногийн хувьд дунд, дээд боловсролоо Францын элит сургуульд сурч төгссөн, байгаль орчны чиглэлийн мэргэжилтэй аж. Ардчилсан хөдөлгөөний намын талын улстөрч бөгөөд төрийн албаны удирдах түвшний туршлагатай нэгэн. 2022 оны тавдугаар сараас Засгийн газартаа Хөдөө аж ахуй, хүнсний сайдаар томилогдон ажиллаж буй юм. Ингээд түүний Монгол Улсад хийсэн богинохон айлчлалын үеэр ахархан хугацаанд хийсэн, товчхон ярилцлагыг хүргэе.
-Та манай ХХААХҮ-ийн сайдтай уулзлаа. Францын сүүний үхрүүдтэй кластер фермийн аж ахуйн үйл ажиллагаатай ч танилцлаа. Мөн та анх удаа Монголд айлчилж буй юм байна. Айлчлалын анхны сэтгэгдлээ сонирхуулахгүй юу?
-Эхний сэтгэгдэл гэвэл Монгол, Франц хоёр улсын хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа сайн өрнөж байна гэж бодлоо. Ялангуяа өндөр ашиг шимтэй мал импортлох, экспортлох тал дээр сүү, махны чиглэлийн “Монбелиард” үүлдэр дээр тулгуурласан харилцаа маш сайн явж байна. Францын сүүний “Монбелиард” үүлдрийн үхэр хэдийн Монголд нутагшиж, танигджээ.
-Та энэ удаагийн айлчлалынхаа зорилго, ач холбогдлын талаар тодруулаач.
-2023 онд Монгол, Франц хоёр орны харилцаанд томоохон дээд хэмжээний айлчлалууд болно. Энэхүү айлчлалын эхлэлийг Хөдөө аж ахуй, хүнсний сайд миний бие тавьж буйдаа баяртай байна. Түүхэндээ анх удаа Францын Хөдөө аж ахуй, хүнсний сайд Монголд айлчилж байгаа ньэнэ. Тиймээс Монголын ХХААХҮ-ийнсайд ч гэсэн энэ айлчлалыг үр дүнтэй болоосой гэж хүсэж буйгаа илэрхийлж байсан.
Миний энэ удаагийн айлчлал богино байлаа. Богино богинодоо бүр хэт богино гэхэдболно. Өнгөрсөн аравдугаар сард Монгол, Францын хөдөө аж ахуйн сайд нар Францын мал аж ахуйн үзэсгэлэнгийн үеэр уулзсан. Дараа нь удалгүй миний бие Монголд айлчилж байна гэдэг бол хоёр талын хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, цаашид хөгжүүлэх хүсэл сонирхол байгаагийн илэрхийлэл учраас миний бие ийнхүү богинохон ч гэсэн айлчлал хийж байгаа юм. Мэдээж айлчлалын үеэр яригдсан сэдвүүд болон хамтын ажиллагааны хүрээнд хөндсөн асуудлуудад айлчлалын бүрэлдэхүүнд яваа манай холбогдох хүмүүс болон Монголд суугаа Элчин сайдын яам анхаарна.
-Одоогоос зургаан сарын өмнө Францын Клэрмонт Ферран хотод уламжлал болон зохиогддог Европын мал аж ахуйн тэргүүлэх үзэсгэлэн “Sommet De L`Elevage-2022”-ын үеэр Монгол, Францын салбарынсайд нар яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулсан. Үүнийдараахан та Монголд айлчилж байна. Энэ удаагийн хоёр орны сайд нарын уулзалтаар өмнө нь хөндсөн ямар асуудлыг ярьж, бодитой ажил хэрэг болгож байна вэ?
-Манай хоёр улс бол уламжлалт хөдөө аж ахуйтай орон. Тэгэхээр хамтын ажиллагаа ард түмэн хоорондын харилцаан дээр тулгуурлаж үүсдэг гэж би боддог. Монгол бол маш өргөн уудам, Франц улсаас гурав дахин их газар нутагтай. Магадгүй бүх газар нутаг нь мал аж ахуй, газар тариаланд зориулагдсан биш байж болно. Гэхдээ л хөдөө аж ахуйн нөөц бололцоо ихтэй гэж харж байна. Тэр бүх нөөц бололцоог ашиглан хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд манай хоёр орон харилцан хамтран ажиллах боломжтойг хэлэх байна.
Зургаан сарын өмнө Францын мал аж ахуйн тэргүүлэх үзэсгэлэнгийн үеэр Х.Болорчулуун сайдтайяамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчилж гарын үсэг зурсан. Хамтын ажиллагааны баримт бичигт цаашид хамтран ажиллах гол чиглэлүүдийг заасан юм. Дээрх баримт бичигт тусгасан асуудлынхаа хүрээнд өнөөдөр (бямба гараг) мөн ярилцаж, зарим зүйлийг илүү тодорхой болголоо. Бид энэ удаа нэгдүгээрт, мал аж ахуйн чиглэлд хамтран ажиллах тухай ярилцлаа. Малын үүлдэр угсаа, генетикийг сайжруулах талаар юу хийх вэ. Ялангуяа өндөр ашиг шимтэй мал импортолж, экспортлох асуудлаар ярьсан. Х.Болорчулуун сайдын зүгээс зөвхөн “Монбелиард” үүлдрээр зогсохгүйгээр цаашид мах-сүүний, сүү-махны, мах-сүүний хосолмол ашиг шимтэй үүлдрийн мал импортлох санал тавьсан. Түүнчлэн бид өмнө нь мал аж ахуйн хамтын ажиллагаагаар дамжуулж сургалт явуулж, техник арга зүйн туршлагаа солилцохоор тохиролцсон. Тиймээс энэ удаагийн уулзалтаар Франц улсад болдог олон улсын малын эмч нарын “Ганцхан эрүүл мэнд” сургалтад Монголын нэг малын эмчийг сарын хугацаатай хамруулахаар тохиролцлоо. Уг сургалтад дэлхийн малын эмч нар цуглаж, малын эрүүл мэндээр дамжуулж хүний эрүүл мэндийн аюулгүй байдал ч хангагдах ёстой гэсэн агуулгын дор суралцаж, хөгждөг юм. Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээс хэрэглэгчийн ширээнд хүртэлх бүх шатанд хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлыг хэрхэн хангах тал дээр хамтарч ажиллах бололцоо байна гэж харсан. Түүнчлэн газар зүйн заалттай бүтээгдэхүүний талаар ярилцлаа. Газар зүйн заалт гэдэг бол маш чухал сэдэв. Бүтээгдэхүүнийг газар зүйн заалттай болгосноор тухайн бүтээгдэхүүний өртөг нэмэгдэнэ, малчдын орлого өснө. Тиймээсэнэ чиглэлд хамтран ажиллана.
-Газар зүйн заалт гэдэг бол манай улсын хувьд одооноос л анхаарал хандуулж, зарим төсөл, хөтөлбөрийн хүрээнд хөгжүүлж эхлэх гэж байгаа шинэ зүйл. Харин Франц улсын хувьд энэ чиглэлд арвин туршлагатай учраас хамтын ажиллагааг нэлээд өргөн хүрээнд, далайцтай хийх боломжтой гэж үзэж болох уу?
-Газар зүйн заалт авахад олон шат дамжлага, бичиг цаасны ажил байдаг. Тэр болгонд манай зүгээс техникийн зөвлөгөө өгч болно. Сонирхуулж хэлэхэд, Францад анхны газар зүйн заалттай бүтээгдэхүүнийг 90 жилийн өмнө бүртгэж байсан. Манайд газар зүйн заалттай бүтээгдэхүүний үндэсний хүрээлэн бий. Тус байгууллага манай яаманд харьяалагддаг. Тиймээс бид монгол малчдад болон сонирхож байгаа байгууллагуудад бүтээгдэхүүнийг яаж газар зүйн заалтад хамруулах талаар сургалт, зөвлөгөө өгөх боломжтой юм. Бидний ярианы өөр нэг сэдэв нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байлаа. Уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн дасан зохицож хөдөө аж ахуйг эрхлэх талаар санал солилцсон.
-Нэг малын эмчийг сургана гэснээс Монголын хувийн хэвшлийн зүгээс эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зорилгоор сүүлийн үед Францаас өндөр ашиг шимтэй, үнэтэй мал импортолж, цаашид ч малын импорт нэмэгдэх хандлагатай байгаа тул сургалт чухал байгаа. Энэ асуудлаар хоёр орны яамд хоорондын шинэчилсэн хамтын ажиллагааны баримт бичигт ч тусгасан. Сургалтыг ойрын үед эрчимжүүлж, олон чиглэлээр явуулах талаар юу хийх вэ?
-Таны хэлж байгаа зөв. Францаас өндөр ашиг шимтэй мал импортлоод байж болно. Зүгээр оруулж ирээд маллах нь хангалттай биш. Хажуугаар нь арчилгаа, маллагааны арга техникийг зааж сургах нь чухал. Бүтээгдэхүүний чанар гэдэг түүнийг үйлдвэрлэж буй үйлдвэрлэгчээс их зүйл хамаардаг учраас Монголын малчдаас их зүйл шалтгаална гэсэн үг. Тэгэхээр яг л тэдгээр хүнийг нь сургах ёстой болов уу.
-Танд хүнсний хангамжтай холбоотой асуулт тавихгүй өнгөрч болохгүй боловуу. Дэлхий нийтэд хурцаар тавигдаж буй хүнсний хангамжийн асуудлыг та хэрхэн хардаг вэ?
-Хүнсний бие даасан байдал гэдэг бол зөвхөн Монголын, эсвэл Франц гэсэн ганц, хоёр улсын хүн амын бус, дэлхий нийтийн асуудал болсон. Дэлхий дээр ирэх 20 жилд дан ганцаараа хүн амынхаа хүнснийхэрэгцээг хангаж чадна гэж ам бардам хэлэх улс тун цөөхөн. Нэг талд нь дайн байлдаан болоод, нөгөө талд нь эдийн засгийн хүндрэлүүд гарч, хөдөө аж ахуйн салбарыг нэрвэх, эсвэл уур амьсгалын өөрчлөлт гэх мэт олон асуудал тулгарчбайгаа учраас “Бид хүн ардаа хүнсээр хангаж чадна” гэж ам бардам хэлэх улс ховор байгаа юм. Уур амьсгалын болон геополитикийн өөрчлөлт, хүнсний хангамж гэсэн энэ бүх сорилыг улс орнууд хамтарч байж даван туулна. Хүнс, хөдөө аж ахуй бол энх тайвны салбар юм. Бид энэ чиглэлээр хамтарч ажиллана.
Бэлтгэсэн: И.Отгонжаргал