Турк улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн нэг Б.Улаанхүүтэй ярилцсанаа хүргэж байна. Зүрх, судасны нарийн мэргэжлийн эмч, дархлаа судлалын доктор тэрбээр Туркийн нэр хүндтэй “Ажыбадем” эмнэлэгт олон жил амжилттай ажиллан, хүн ардын эрүүл энхийн төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулж буй юм.
-Турк улсад эмч мэргэжлээрээ хэрхэн ажиллахаар болсон юмбэ. Тус улсын эрүүл мэндийн салбарт ажиллаад хэдэн жил болов?
-Юуны өмнө намайг ярилцлагад урьсанд баярлалаа. Монгол түмэндээ болон “Өнөөдөр” сонины уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Батгэрэлийн Улаанхүү гэдэг. Зүрх, судасны нарийн мэргэжлийн эмч мэргэжилтэй. 1999 онд Турк улсын Анкарагийн их сургуулийн Анагаах ухааны факультетэд суралцахаар ирж байлаа. Их сургуулиа төгссөнөөс хойш Турк улсын эрүүл мэндийн салбарт буюу “Ажыбадем” эмнэлэгт зүрх, судасны нарийн мэргэжлийн эмчээр 12 дахь жилдээ ажиллаж байна. Эмч болох хүсэл мөрөөдөл минь ахлах сургуульд байхаас эхэлсэн. V сургуулийн химийн сонгоны ангид суралцдаг байлаа. Тэр үеэс хойш анагаахын чиглэлээр суралцах, эмч мэргэжил эзэмших эхлэл тавигдсан гэж болно. Ерөнхий боловсролын сургуулиа дүүргээд Монголдоо Анагаах ухааны их сургуульд элссэн юм. I курст сурч байхдаа гадаадад 100 хувийн тэтгэлгээр сурч болдгийг мэдэж авав. Ингээд тэтгэлгийн шалгалтууд өгч тэнцсэнээр Туркийн Анагаах ухааны их сургуульд суралцах зам нээгдэж байлаа. Тэр үед Измир хотод 20-иод оюутан очиж, нэг жил хэлний бэлтгэлд сурсан. Үүний дараа нь Анкарагийн их сургуулийн Анагаах ухааны факультетэд суралцсан юм. Тухайн үед салбар бүрээс 1-2 оюутан Туркт сурахаар ирж байв. 2000 онд анх гадаадын оронд их сургуульд анагаахын сургуульд суралцах амар байгаагүй. Өөр орны хэлээр хичээлүүдээ судлах, гадаад улсын орчин, соёлтой танилцах, дасан зохицоход их хугацаа, чармайлт, тэсвэр тэвчээр, хичээл зүтгэл шаардсан. Тэгэхэд хэцүү байсан ч одоо бодоход дурсамж дүүрэн он жилүүд байжээ.
-Туркт олон жил ажиллаж байгаагийн хувьд тус улсын эрүүл мэндийн тогтолцоо, онцлогийн талаар мэдээлэл өгнө үү?
-Турк улсын эрүүл мэндийн салбарын тогтолцоо нь дэлхийн эрүүл мэндийн стандартын дагуу I, II, III шатлалтай. I нь өрхийн болон урьдчилан сэргийлэх, II нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, хяналтад байлгах шатлал. III шатлалд нь илүү нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж, хүний нөөцөөс бүрдсэн, их, дээд сургууль, сургалт, судалгааны эмнэлгүүд хамрагддаг. Үүнээс гадна Туркт хувийн хэвшил эрүүл мэндийн холдинг, сүлжээ эмнэлэг болон их сургууль олон бий. Хувийн эмнэлгүүд нь орон нутаг, олон улсын гэх мэтээр өргөн хүрээнд, мэргэжлийн өндөр түвшинд үйл ажиллагаа явуулдаг. Төр болон хувийн хэвшил нь эрүүл мэндийн салбартаа ихэд анхаарал тавьж, хөрөнгө оруулдаг. Эрүүл мэндийн систем, эмнэлгийн үйлчилгээ, тогтолцоо нь дэлхийд дээгүүрт бичигддэг гэж болно.
-Эрүүл мэндийн салбарын хөгжлийг нь дэлхийд дээгүүрт бичигддэг болгоход нөлөөлсөн гол хүчин зүйл нь юу вэ?
-Туркийн эрүүл мэндийн салбарын ерөнхий систем, хөгжил маш сайн. Технологийн болон нарийн мэргэжлийн хүний нөөцийн хувьд дэлхийд шилдэгт тооцогддог системтэй улсын нэг. Цаг үетэйгээ хөл нийлүүлж, сүүлийн үеийн шинэ техник, технологийг эрүүл мэндийн үйлчилгээндээ тогтмол нэвтрүүлэн ашигладаг. Үүгээрээ бусад улс орон болон дэлхийн стандартаас дээгүүр байдаг. Мөн Анагаах ухааны факультетийн боловсролын систем, чанар маш сайн. Төгсөлтийн дараах боловсрол, мэргэшүүлэх сургалтын чанар сайн. Мөн Туркт эмч хангалттай байдаг. Салбар бүртээ мэргэжлийн өндөр чадвартай, туршлагатай, олон чиглэлээр мэргэшсэн эмч, мэргэжилтнүүдтэй. Тиймээс учраас бусад улс орноос эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд туршлага судлахаар, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхээр ирдэг. Туркт бүх төрлийн эрүүл мэндийн нарийн оношилгоо, шинжилгээг маш өндөр түвшинд хийдэг. Тийм учраас иргэд нь эмчилгээ, оношилгоо хийлгэхээр өөр улс руу явах шаардлага байдаггүй. Ийм орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хувийн хэвшил, төрөөс судалгаа шинжилгээ, эрүүл мэндийн салбарт асар их хөрөнгө оруулдаг юм.
-Тус улсын эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлийн ямар туршлагыг Монголд нэвтрүүлбэл үр дүнтэй бол. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн системээс нь бид юу авч болох вэ?
-Турк улсын иргэн бүр улсын эрүүл мэндийн даатгалд хамрагддаг. Даатгалд аливаа өвчний оношилгоо, эмчилгээ хамаардаг юм. Даатгалын тогтолцоо нь хүн бүрт эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүргэх боломжтой. Өөр нэг чухал онцлох зүйл нь хүн бүрийн эрүүл мэндийн мэдүүлгийг иргэний үнэмлэхээр нь бүртгэдэг. Ингэснээр тухайн хүний эрүүл мэндийн мэдээлэл хадгалагддаг юм. Нөгөө талаар хүний хувийн мэдээллийг маш сайн хамгаалсан байдаг. Энэ нь иргэн ямар нэгэн илүү зардал гарахаас зайлсхийхэд тусалдаг бөгөөд тухайн хүн зөвшөөрсөн тохиолдолд өөр газрын эмч ч үзэх боломжтой.
-Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийг сайжруулахын тулд нэн тэргүүнд шаардагдаж байгаа зүйлийг та хэрхэн тодорхойлох бол?
-Иргэн бүрийг хамруулсан эрүүл мэндийн даатгалын сайн тогтолцоотой байх, тухайн хүний эрүүл мэндийн мэдээллийг он цагийн дарааллаар хадгалж, хамгаалдаг байх шаардлагатай. Хоёрт, их сургуулийн төгсөлтийн дараах боловсролын хугацааг дэлхийн жишигт нийцүүлэх ёстой. Мэдээж Монгол Улсад үндэсний болон олон улсын хувийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо идэвхтэй үйл ажиллагаа явуулах, төрөөс иргэдийнхээ эрүүл мэндэд байнга хөрөнгө оруулах нь зүйтэй. Мөн иргэдийнхээ эрүүл мэндийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, мэргэжлийн өндөр түвшинд үзүүлдэг байх нь чухал.
-Та Монголын эрүүл мэндийн салбарынхан, ялангуяа мэргэжил нэгтнүүдтэйгээ холбоотой ажиллаж, туршлага, санал солилцдог уу?
-Эрүүл мэндийн салбарт удирдах албан тушаалд ажиллаж байгаа зарим ерөнхий эмч болон мэргэжил нэгтнүүдтэйгээ холбоотой байдаг. Улирал бүр зарим салбарын эмч, менежерүүд Туркийн, бас олон улсын эрүүл мэндийн тогтолцоог судлахаар мэргэжлийн уулзалт, сургалт, семинар зохион байгуулдаг юм. Энэ үеэрээ бид эрүүл мэндийн системийн болон мэргэжлийнхээ талаар санал, туршлага солилцдог.
-Монголд эмч мэргэжил эзэмшихийн тулд бараг 10 жил суралцах шаардлагатай гэдэг. Туркт анагаах ухааны чиглэлээр нарийн мэргэжил эзэмшихэд ойролцоогоор хэр хугацаа зарцуулдаг бол?
-Туркийн анагаах ухааны боловсрол олгох систем дэлхийн өнцөг булан бүрт байдаг шиг хэцүү бөгөөд урт хугацаа шаарддаг. Эмч хэмээх өндөр хариуцлагатай мэргэжлийг эзэмшихийн тулд маш их хөдөлмөр, хичээл зүтгэл, зардал, тэвчээр шаарддаг шүү дээ. Анагаахын сургуулийн оюутан бүр энэ мэргэжлийг эзэмшихийн тулд бүх цаг заваа зориулдаг. Сонгосон мэргэжилдээ үнэхээр дурлан сурч, сурснаа өөрийн болгож, өөртөө шингээх л хэрэгтэй. Анагаах ухааны их сургууль төгсөөд мэргэшүүлэх сургалтад хамрагдах хүсэлтэй 15 мянга орчим хүн Туркт эмчийн шалгалтыг жилд хоёр удаа өгдөг. Мэргэшсэн сургалтын хугацаа 4-6 жилийн хооронд хэлбэлздэг юм. Тухайлбал, цусны эмч болохын тулд дотрын чиглэлээр дөрвөн жил, цус судлалын дэд мэргэжлээр гурван жил, нийт долоон жилийн сургалтад хамрагдана.
-Турк улсын нэр хүндтэй эмнэлгийн эмчийн хувьд Монгол Улсын эмч, мэргэжилтнүүд, ялангуяа шинэ төгсөгчидтэй хамтарч ажиллах, туршлага судлах боломж хэр нээлттэй вэ. Тухайлбал, таны ажиллаж байгаа эмнэлэгт монгол эмч нар ажиллах боломжтой юу?
-Би Туркт хөл тавиад 24 жил болж байна. Цаг хугацаа маш хурдан өнгөрчээ. Бүх зүйлийг цаг тухайд нь хийх ёстой. Ялангуяа эмч хүнд цаг бол үнэхээр алтаар үнэлэгддэг. Би зүрх, судасны нарийн мэргэжлийн эмч болсныхоо дараа буюу 2011 оноос хойш “Ажыбадем” эмнэлэгт ажиллаж байна. Манай эмнэлэг олон улсын холдинг бөгөөд нийт таван улсад байрладаг, 25 эмнэлэг, 16 эрүүл мэндийн төв, нэг их сургуультай. Эмнэлгийн салбар бүрт мэргэжлийн өндөр ур чадвартай, туршлагатай, дэлхийд нэр хүндтэй эмч нартай уулзаж, туршлага солилцох бүрэн боломжтой. Цаашлаад мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэхийн тулд богино хугацааны, сертификаттай сургалтын хөтөлбөрүүдэд хамрагдаж болно. Ажыбадемийн их сургууль нь дэлхийн хамгийн дэвшилтэт симуляцын төвүүдийн нэг. Тус их сургуулийн Анагаах ухааны факультетэд дэлхийн өнцөг булан бүрээс оюутнууд сурах хүсэлтээ гаргах нь нээлттэй. Олон түвшинд боловсрол эзэмшсэн, хэл, шинжлэх ухааны шалгалтын өндөр оноотой оюутан бүрт нээлттэй. Шаардлагатай материалаа бүрдүүлээд сурах хүсэлт гаргаж болно.
-Монголчууддаа, ялангуяа анагаахын чиглэлээр суралцаж байгаа залууст хэрхэн олон улсын түвшний эмч, мэргэжилтэн болох талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө үү гэж ярилцлагын төгсгөлд хүсэх байна.
-Мэргэжил нэгтнүүд болон оюутан, залууст хандаж хэлэхэд, эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухаан бол сурахгүй, хайрлахгүй байхын аргагүй үнэ цэнтэй ажил мэргэжил. Та бүхэн энэ мэргэжлээр хичээнгүйлэн суралцаж, байнга уншиж, өөрсдийгөө хөгжүүлж байх ёстой шүү. Бид технологийн эрин зуунд амьдарч байгаа. Тиймээс эрин үеийнхээ технологийн хөгжилтэй зэрэгцэн мэдлэг, чадварынхаа аль алиныг нь хөгжүүлэх ёстой. Эмч бүр англи хэлний мэдлэг хангалттай эзэмшсэн байх шаардлагатай. Англи хэлээр шинжлэх ухааны нийтлэл уншиж, санал бодлоо илэрхийлэх чадвартай байх нь зүйтэй. Үүний зэрэгцээ мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, боломжтой бол магистр, докторын зэрэгт суралцахыг санал болгоё. Суурь анагаах ухаан, эмнэл зүйн анагаах ухаан нь тусдаа зүйл биш, үргэлж гар нийлж байх ёстой. Сүүлийн үед эмч нар суурь анагаах ухаанаас холдох болсон нь ажиглагдаж байна. Үүнд анхаарлаа хандуулах нь зүйтэй болов уу.
Бэлтгэсэн: Б.Алтантуул