МУБИС-ийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч Г.Чингүүн БНСУ-д өнгөрсөн жилийн аравдугаар сарын 20-нд зохион байгуулсан уулын дугуйн өсвөр үеийн Азийн АШТ-ий бартаат замын доунхилл төрөлд оролцож эх орондоо хүрэл медальтай ирсэн билээ. Монголын доунхилл, эндуро клубийнхнээс тус төрөлд амжилтын жим гаргасан анхны тамирчин түүнтэй ярилцлаа.
-Доунхилл төрөлд уралддаг дугуйчид өвөл бэлтгэл хийх зам, талбайгүй тул дулаарахаар сургуулилалтаа базааж эхэлдэг байх.
-Тийм ээ. Бид бэлтгэлээ тун удахгүй эхлүүлэхээр ярилцсан. Миний хувьд Азийн АШТ-ээс хүрэл медальтай ирснээс хойш томоохон тэмцээнд оролцсонгүй. Би энэ жил сургуулиа төгсөх болохоор одоохондоо бэлтгэлээс илүү хичээлдээ анхаарал хандуулж байна.
-Ах, эгч, дүү тань таеквондогийн тамирчин юм билээ. Таныг гэрийнхнээсээ ганцаараа дугуйгаар хичээллэдэг гэж сонссон. Монголд хөгжөөд удаагүй энэ төрөлд хэзээнээс сэтгэл татагдах болов?
-Би өмнө нь дугуйн төрлүүдээр хичээллэж үзсэн. Үүнээс доунхилл төрөл хамгийн их таалагддаг. Сонирхдог спортоосоо хүндхэн төрлийг нь сонгоход манайхан таатай хүлээж аваагүй л дээ. Тэд эхэндээ “Дугуйгаар амжилт гаргах хэцүү” гэдэг байв. Гурван жилийн өмнө “Ondo cup 2020” дугуйн тэмцээнд анх удаа оролцоход тэмцээн зохион байгуулагчид амжилттай өрсөлдсөн хүүхдүүдийг сонгож, бэлтгэл хийлгэсэн юм. Үнэнийг өгүүлэхэд, намайг бартаат замын доунхилл төрөлд Азийн АШТ-ээс медаль хүртэнэ гэж олон хүн бодоогүй. Аав минь таеквондог улсдаа хөгжүүлж, үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг. Намайг ах, эгчийн адил тулааны спортоор хичээллүүлсэн ч сэтгэл минь дугуйд илүү татагдсан. Дугуй надад эрч хүч, урам зориг, сайхан мэдрэмж үргэлж төрүүлдэг. Харин ах минь таеквондогийн УАШТ-д цөөнгүй түрүүлсэн шүү.
-БНСУ-д хөл тавиад тивийн аваргуудыг хараад танд ямар бодол төрсөн бэ?
-Монголоос найз Б.Хүслэнтэйгээ хамт Азийн АШТ-д өрсөлдөхөөр тус улсыг зорьсон. Бидний хувьд хилийн дээс алхсан анхны уралдаан байв. Тэнд дугуйн 240 гаруй зам байдаг юм билээ. Доунхилл төрлөөр хичээллэдэг тивийн шилдгүүдийг хараад эхэндээ сүрдсэн шүү. Бид уралдах зам, талбайтай танилцаад өөрийн эрхгүй алмайрч, гайхсан. Тэр үед анх удаа оролцох болохоор туршлага хуримтлуулаад буцъя гэх бодол төрж байв. Үзэгчдэд шууд дамжуулсан уралдааны замд би хүчтэй онхолдож уначихлаа. Нэг хэсэг алга болсноогэнэт жийгээд гарч ирэхэд миньүзэгчидих гайхсан. Уралдааны замд онхолдчихоод сэтгэлээр унаад сууж байтал зохион байгуулагчид намайг тайз руу авч гарахад өөрийгөө хүрэл медаль хүртэх болзол хангасныг ер мэдээгүй. Тэр өдөр шагналаасаа урам авч, амжилт гаргах тэмүүлэлтэй болсон. Одоо өмнөхөөсөө илүү хичээж ДАШТ-д оролцох зорилго тавиад байгаа. Гэхдээ эрх авахын тулд оноо цуглуулах ёстой. Тиймээс зөвхөн доунхилл гэлтгүй уулын дугуйн уралдаануудад ч хурд сорино. Дугуйн спортын оноо тухайн жилдээ хүчинтэй. Шинэ он эхлэнгүүт оноог тэглэж, дахин эхлүүлдэг юм.
-Таныг хүрэл медальтай ирснээс хойш хүрээллийн тань хүмүүсийн хандлага хэр өөрчлөгдсөн бол?
-Хамгийн түрүүнд гэрийнхний минь хүлээж авах хандлага өмнөхөөсөө өөр болсон. Баярын нулимстай угтсан манайхны дэмжиж байгаа нь цаанаа мэдрэгддэг ч наанаа “Бид чамайг дэмжихгүй байгаа шүү” гэдэг юм. Эмээ “Чамайг дугуй ийм сүрхий унадаг гэж бодоогүй. Медаль хүртчихлээ, одоо боллоо шүү дээ” гэсэн. Гэрийнхнээс гадна хамаатан садны ах, дүүс, найз нөхөд тусалж дэмжээд тэмцээний зардлаа бүрдүүлсэн. Би өмнө нь тэмцээнд өрсөлдөх гэхээр миний нас өсвөр үеийнхний ангилалд хараахан хүрдэггүй байв. 2020 онд хотоос алсхан зайд зохион байгуулсан “Ondo cup” тэмцээнд өрсөлдөж VI байрт шалгарлаа. Тэр тэмцээн ур чадвараа хөгжүүлж, тууштай хичээллэвэл амжилт гаргах боломжтойг ойлгуулсан. Энэ төрлөөр хичээллэдэг тамирчид дасгалжуулагч Отгондаваагийн удирдлагад бэлтгэл хийдэг.
-Гадаадын дугуйчидтай тэмцээний үеэр танилцаж, найз болов уу?
-Азийн АШТ-д эзэн орны тамирчид эхний хоёр байрыг эзэлсэн. Би Казахстан, Тайландын тамирчидтай холбогдож, дугуйн спортын талаар мэдээлэл солилцдог. Тэдэнтэй тэмцээнд оролцох үедээ танилцаж, найз болсон юм. БНСУ-д гадаадын тамирчдын бэлтгэл хийхийг хараад өөрийгөө шаргуу хөгжүүлэх ёстойг ойлгосон. Бид зун гурван сард бэлтгэл хийхдээ нэг шинэ зүйл сурч байхад тэд долоо хоногт сурах жишээтэй. Энэ мэтчилэн ур чадвараас гадна бэлтгэл хийх зам, талбай, хичээллэх орчин нөхцөлийн ялгаа их харагдсан даа.
-Сургуулийн тань удирдлага, багш нар таныг хэр ойлгож, дэмжив?
-Надтай хамт өрсөлдсөн Б.Хүслэн ШУТИС-ийн I курсийн оюутан. Харин би МУБИС-ийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн 12а ангид сурдаг. Тэрбээр чөлөө олгох өргөдөл бичээд сургуулийнхаа удирдлагатай уулзтал дурамжхан зөвшөөрсөн гэсэн. Би ангийнхаа багштай ярилцаад, сургалтын менежертэй уулзсанаар нэг сар хичээлээс чөлөөлүүлж, бэлтгэл хийсэн юм. Намайг манай сургуулийнхан Азийн АШТ-д хэрхэн оролцохыг сонирхож үзсэн байв. Хүрэл медальтай ирэхэд бүгдээрээ баяр хүргэж, сэтгэл өндөр угтаж авсан. Ангийн нөхөд минь намайг бэлтгэлтэй өдрүүдэд тусалж, “Чи одоо үүнийг ингэж, тэгж хийгээрэй” гээд багш нарын заасан хичээлийг нөхөн бичиж, даалгаврыг нь минь хүртэл бэлдэж өгдөг байлаа.
-Дугуйн ямар ч төрлөөр хичээллэхэд маш их тэвчээр, хатуужил шаарддаг. Тэр хэрээр тамирчид олон сорилтой тулгарна. Тэвчсэн нь спортын талбарт үлдэж, шантарсан нь орхиж байгаа харагддаг.
-Надад дугуйгаар холбогдож, нөхөрлөсөн найзууд бий. Монголд дугуйн доунхилл, эксртим төрлийн зам байхгүй болохоор тамирчид халширдаг тал бий. Тэдний заримыг үүгээр хичээллэхэд цаашид зорилго байхгүй гээд замын дундаас буцахыг нь харлаа. Надад ч гэсэн болих тухай бодол цөөнгүй төрсөн ч зорилго минь тэднийхээс өөр байв. Би амжилт гаргавал өөртөө эргэлзсэн хүүхдүүд урам авч буцаад ирнэ, эсвэл сонирхож хичээллэгсдийн тоо нэмэгдэх байх гэж их хичээсэн. Бусдыг хичээллэ гэж уриалах хэцүү тул эхлээд өөрийнхөө ур чадвар, амжилтаар харуулъя гэж зорьсон. Бэлтгэлийн үед уруугаас хүчтэй онхолдож уначихаад “яах гэж, юуны төлөө шороотой ингэж хутгалдаж зовох ёстой юм бэ” гэж шантардаг ч шар хөдөлж цааш үргэлжлүүлдэг. Хэцүү санагдсан зүйлээ хийж чадах мөчид баярлаж “Нэг удаа онхолдох юу ч биш. Чадах хүртлээ заавал сурна” гэж өөрийгөө хурцалдаг юм. Одоо тэр үеэ бодвол сайжирч, дугуйнаас унах нь багассан. Бид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даланг засаж, зам хийснээр үсрэх бэлтгэлээ хийдэг. Харин бартаат замын бэлтгэлээ Богдхан уулын хүмүүс алхдаггүй замд базаадаг.
-Манайд дугуйн спортын энэ төрөлд хэр олон тамирчин бэлтгэгдэж байна вэ?
-Отгондаваа багшийн доунхилл төрөлд бэлдэж буй тамирчдын нэг нь би. Тэрбээр бидэнд тамирчин хүн бие, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх талаар багагүй зөвлөдөг. Тэмцээний өмнө “Та нар юу сурснаа одоо л харуулаарай” гэж захихад яаж ийгээд медаль хүртэх сэн гэх бодол төрсөн шүү. Намайг хүрэл медаль хүртэж, найзыг минь IV байрт шалгарахад багш баярлаад уйлж байлаа. Таван жил бэлтгэл хийсэн хүч хөдөлмөрөө тавхан минутад уралдаж харуулах бидэнд амархан байгаагүй. Шагналын тавцанд Монгол гээд зарлахад өөрийн эрхгүй самсаа шархирч, огшдог юм билээ. Тэр үед тамирчин хүнд улсынхаа нэрийг өндөрт өргөх үүрэг, хариуцлага ирдгийг ухаарсан.
-Спортоор хичээллэхийн хажуугаар их, дээд сургуульд сурдаг тамирчин цөөнгүй бий. Та ямар мэргэжил эзэмшихээ шийдсэн үү?
-Би зураач мэргэжилтэй болохыг хүсдэг. Багаасаа зураг зурж өссөн. Аав минь хүүхэд байхад буддаг ном авч өгөөд дуурайлгаж зуруулдаг байв. Сүүлийн үед анимэ зурах сонирхолтой санагддаг болсон. Би гурван настайдаа дугуй унаж сурсан. Энэ мэтчилэн бүх зүйлийн эхлэлийг аав минь тавьж өгсөн дөө. Надад зураачдын дотоод ертөнц, нам гүм орчинд бүтээл туурвидаг нь таалагддаг юм. СУИС-иар хааяа орж, дүрслэх урлагийн ангийн IV курсийн оюутнуудын бүтээлийг сонирхож үздэг.
-Хамт бэлтгэл хийдэг тамирчдаасаа хэнийх нь ур чадвараар бахархдаг вэ?
-Миний хувьд гадаадын тамирчид гэхээсээ илүү О.Төгсбаяр ахаас үлгэр дуурайл авдаг. Өнгөрсөн жилийн Азийн АШТ-д визийн асуудлаас болоод оролцож амжаагүй. Би түүний дугуйгаар уралдаж, хүрэл медаль хүртсэн. Үсрэх бэлтгэл хийхдээ дугуйг нь эвдэлчих вий гэж эхэндээ эмээдэг байлаа. Нэг өдөр “Таны дугуйг эвдэх вий гэж санаа зовоод байна” гэхэд “Наад дугуй чинь Азийн АШТ-ээс сэвтэй ирвэл харин ч дурсамж болж үлдэнэ шүү дээ” гэж хэлэхэд нь сэтгэл амарсан. БНСУ-аас ирсний дараахан тэрбээр “Энэ дугуй УАШТ-ээс алт, Азийн аваргаас хүрэл медаль авчирлаа” гээд ихэд бэлгэшээж байв. Тэрбээр Тайландад болсон Азийн АШТ-д оролцож байсан туршлагатай. Намайг 2015 онд дугуйгаар анх хичээллэхэд өөрөө дагуулж яваад бэлтгэл хийлгэдэг сэн. Ахын хувьд зөвхөн спорт гэлтгүй амьдралд ч хэрэг болох олон зүйл зөвлөдөг юм. Би спортын босгоор алхсан цагаасаа түүнээс суралцаж, цагийг үр дүнтэй өнгөрүүлж сурлаа.
-Спорттой нөхөрлөсөн цагаасаа хэр сэтгэл зүйн хаттай болов?
-Багадаа компьютерын дэлгэц ширтэж, утсаар тоглож өнждөг байсан би гэр, сургууль гэсэн жимээр цагийг уйтгартайхан өнгөрүүлдэг байлаа. Дугуйгаар хичээллэснээс хойш өөрийгөө олон талаар өөрчиллөө. Спорт хүнийг өөдрөг, эрүүл, эрч хүчтэй, идэвхтэй амьдруулдаг. Хүмүүсийн хэцүү гэж боддог зүйлийг одоо хүндээр хүлээж авахаа больсон байна. Хатуужил, тэвчээрээс суралцахад намайг хүрээлж буй хүмүүс их нөлөөлсөн. Миний хувьд өөрт тулгарсан асуудлаа ойр дотнынхонтойгоо ярилцаж, эерэг бодлоор тархиа цэнэглэх дуртай.
-Дугуй техникийн төрөлд багтдаг. Та аюулгүй байдлаа хамгаалах хувцас, хэрэглэлээ хаанаас сонгодог вэ?
-Эндуро болон доунхилл төрлийн дугуйны сэлбэг Монголд ховор тул гадаадаас захиалахад өндөр үнэтэй. Дугуй хагарахад олгой нь энгийн дугуйныхаас өөр байх жишээтэй. Бэлтгэл хийхдээ хамгаалалтын хэрэгсэл өмсдөггүй бол хүндээр бэртэх аюултай. Би бэлтгэл хийхдээ хамгаалах хувцас, хэрэглэлээ заавал өмсдөг. Нэг удаа Богдхан ууланд бэлтгэл хийж байгаад хүчтэй ойчсон юм. Тэгтэл миний толгой шиг хэмжээтэй хад өнхөрч, дээрээс унав. Толгой эргэж, хэсэг манарч байгаад бослоо. Зүүж явсан камераа хартал хад унаад толгой цохиж буй нь бичигдсэн байлаа. Намайг тэр үед хамгаалах хэрэгсэл л аварсан. Ямар ч орчин нөхцөлд бэлтгэл хийхдээ аюулгүй байдлаа бодож, чанартай хэрэгсэл сонгох хэрэгтэй. Би одоогоор АНУ-ын “Bell nitro circus” брэндийн каск өмсдөг. Намайг уралдааны талбарт найдвартай хамгаалдаг хэрэгсэлдээ баярладаг юм.
-Та тэгвэл найзууддаа дугуй унахдаа хамгаалах хэрэгсэлтэй явахыг байнга зөвлөдөг байх нь.
-Тийм шүү. Тэд ч миний зөвлөгөөг хүлээж авдаг. Би нэг найзтайгаа хааяа салхинд дугуйтай гардаг юм. Түүнд толгойны каск байхгүй тул өөрийнхөө илүүг өмсүүлж, Шадивлангийн ойролцоо замд бэлтгэл хийв. Тэрбээр дугуйтай үсрэхдээ хайрга, шороон дунд нүүрээрээ уначихлаа. Босож ирээд “Чи надад каск өмс гэж хэлээгүй бол бэртэх байлаа” гэсэн. Бээлийтэй явахад гар цэврүүтэхээс хүртэл хамгаалдаг шүү дээ. Тэгэхээр тамирчид гэхгүй дугуй сонирхогчид заавал хамгаалах хэрэгсэл өмсөх хэрэгтэй. Монголд дугуй сонирхогчдын олонх нь нарны малгай өмссөн харагддаг. Энэ бол эрүүл мэндээ хайрлахгүй байгаагаас ялгаагүй.