Биотехнологич, бэлчээр судлаач, байгаль орчны менежментийн мэргэжилтэн, доктор Б.Батхишиг болон гэрэл зурагчин, монгол угсаатан, соёл судлалын “Эгэл” төслийг санаачлагч, гэрэл зурагчин П.Баттулга нарын хамтран бүтээсэн “Нүүдлээр нутаглах монгол ухаан” номын нээлтэд очив. Тэндээс монголчууд бидний, Монгол Улсын хөгжлийн гарц хаана, юунд байгаа талаар бодолхийлэн гарахдаа доктор Б.Батхишигийн санаа бодлыг сонсохоор ярилцлагад урьсан юм.
-Та хоёр хамтарсан бүтээлээ Англид хэвлүүлжээ. Анзаарахад зөвхөн ном түгээж буй төдий бус хөгжлийн бодлогыг хөнгөхөн, авсаархан “хувцаслаад” тайлбарлаад байгаа юм шиг санагдав. Энэ тухайгаа Европын чихэнд хүргэхийг зорьжээ гэж ойлголоо. “Нутаг” хэмээн нэрийдсэн үзэл баримтлалынхаа мөн чанарын тухай тайлбарлаж өгөх үү?
-Сүүлийн жилүүдэд биологийн нөөц баялаг, байгаль орчны менежмент, тэр дундаа байгалийн нөөцийн баялгийг яаж зөв зохистой, хуваарьтай ашиглах вэ, уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн угтаж харах вэ, хэрхэн зөвөөр дасан зохицох вэ гэсэн чиглэлд судалгаа, шинжилгээ хийсэн. Өөрөөр хэлбэл байгаль, хүн, байгалийн хосолмол харилцаа хамаарлын талаар судалсан. Үүнийгээ лавшруулан 2007-2011 онд АНУ-ын Колорадо мужийн их сургуульд суралцаж “Бэлчээрийн экосистемийн нөхөн сэргэх чадамж” сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм. 2011-2015 онд Америкийн шинжлэх ухааны сангийн онолын суурь судалгааг Монголд удирдсан. Энэ нь манай улсын таван хүрээлэн, Америкийн гурван их сургуулийг хамруулсан томоохон төсөл байлаа.
Үндсэндээ найм, есөн жилийн турш Монгол орны бэлчээрийн төлөв байдал, малчид цаашид нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд яаж дасан зохицох юм бэ гэдэгт хариу хайсан. Бүх юм нь хам шинж, хавсарсан нөлөөнд буй Монгол орон мал, малчин, байгаль гэсэн гурамсан холбоонд яаж хөгжих юм гэдэгт судалгаагаа чиглүүлсэн. Энэ бүхнийг хийгээд явж байхад малчдад бид яаж туслах вэ гэдэг асуулт асуудлын гол болж байв. Монголын болон дэлхийн сайн гэсэн эрдэмтэд, судлаачдыг нийлүүлж баг болгон явуулаад л байдаг. Эцэст нь эрдэмтэн, судлаачдын нэр хүнд өсөөд байдаг. Гадаадын эрдэмтэд дэлхийн томоохон сэтгүүлүүдэд нийтлэл гаргуулдаг. Мэдээж тэр хүмүүс их юм хийсэн байдаг ч бичсэн болгоныг нь яг хөрсөн дээр, фронтод гэх юм уу, ажиллаж, бүтээдэг хүмүүс уншдаггүй. Эцэст нь манай улсын жишээн дээр гэхэд малчид бахь байдгаараа л үлддэг.
-Нутгаа сахиад л үлдэж байгаа.
-Тийм. Малаа л гэдэг. Өвсний сайныг хайн нүүж, оторлоно. Буцаад нутагтаа ирнэ. Тэд “Бид яах вэ, үр хүүхэд минь бидний насанд ирэх үед малаас гарсан бүхэн мөнгө, баялаг болдог нөхцөл бүрдсэн байгаасай. Үүний төлөө л амьдарч байна” гэдэг. Үүний зэрэгцээ судалгаа олон жил хийсний үр дүнд дотоодод нэг ойлголт бий болсон. Манай улсад бэлчээр, байгаль орчны менежмент чиглэлээр хэдэн эрдэмтэн дахиж төрөх бол. Бидэн шиг хил дамнаж, гадаад орнуудын зохих субъектуудыг хамруулан ажиллах боломж эрдэмтэн бүрт олдох уу. Би гэхэд орос сургуулиар ерөнхий боловсрол эзэмшсэн. МУИС-д таван жил сураад, Англид Манчестерийн их сургуульд магистр хамгаалсан юм. НҮБ-д дөрөв, таван жил ажилласан. Дараа нь АНУ-д суралцаж докторын зэрэг хамгаалж, үүний дараах сургалтыг ч дүүргэсэн. Ийм урт зам туулж сурсан мэдсэнээ юм болгох ёстой гэсэн бодолтой болсон. Үр өгөөжийг нь эхний ээлжинд малчдын амьдралыг сайжруулахад, улмаар Монголын эдийн засаг өсөж өндийхөд тустай үйлсийн төлөө зүтгэх ёстой гэж бодсон.
Монголд, Европт, Америкт олон жил суралцсанаар Монгол гэхийн сацуу асуудлыг олон улсын зүгээс харах өнцөг харьцангуй том болсон санагдсан. Өөрсдийгөө сайтар ажсанаар миний уншиж, судлаад, яриад, бичээд байдаг онол, арга зүй манайд, Монголд байдгийг олж харсан. Тэр өнцгөөс надад давуу тал үүссэн байх. НҮБ-д ажиллахад хөгжлийн чиг баримжаатай болдог юм билээ. Бид юм л бол гадаадын тэр онол, ийм үзэл баримтлал гэж яриад, улмаар суурьшуулах гээд байдаг. Гэтэл өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монголын эдийн засагт өөрчлөлт оруулсан ямар төсөл, хөтөлбөр байна вэ гээд үзэхээр гойд юм байдаггүй. Олон улсын зөвлөхүүд сайн санааны үүднээс манай улсын Засгийн газарт туслахаар ирж ажилладаг. Манай эрдэмтэн, судлаачдын саналыг авдаг нь байдаг байх, үгүй нь ч бий болов уу. Аль ч тохиолдолд хөрсөн дээр буухаар яг ямар бүтээгдэхүүнийг бид дэлхийн жишигт хүртэл хөгжүүлээд, олон улсын зах зээлд “ногоон гэрлээр” гаргаж байгаа вэ гээд харахаар бараг л байхгүй. Баялаг хаана бүтээгдэв, эдийн засагт хэдэн хувийн нөлөөлөл үүсгэв гэдгийг гаргаж ирэх гэхээр болохтой, үгүйтэй.
-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэчнээн сая ам долларын төслийг зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэв дээ.
-Тийм ээ. Эдийн засгийн эргэлтийг сайжруулахад тустай, өгөөжтэй байх, чадвар, чадамжийг нэмэгдүүлэх буюу хөгжлийн чиглэлийн төслүүдэд онцгой анхаарах ёстой байсан юм. Энэ бүхнийг томоор харахад нэг дутагдал байдаг. Манайхан худалдаж авч буй талаа үл хүндэтгэдэг. Экспортын гарцыг тэлнэ гэдэг. Тэгсэн хэрнээ, мөн хэрэглэгч хаан гэдэг шалгуурын талаар ярьдаг байж худалдан авагч талаа, үйлдвэрлэл эрхлэгчдийг буюу хувийн байгууллагуудыг түншлэлд оролцуулалгүйгээр төрийн ажлыг явуулдаг. Энэ маш том дутагдал.
-Гол хүмүүсийг тойргийн гадна байнга үлдээсээр ирсэн гэсэн үг байх нь.
-Үнэн. Дотооддоо бодолтой болсон гэж хэлсэн шүү дээ. Тэр маань өнөөх л малчдад яаж туслах вэ, нийгэмд яаж илүү ойртох вэ гэдэг бодол. Эцэст нь малчдыг зах зээлд холбох л чухал юм байна гэдэг дээр тогтсон учраас Монголын хамгийн чухал баялаг болох ноолуурын үнэ цэнийг өсгөх ажил хийе гэж шийдсэн юм. Ингэснээр Тогтвортой ноос ноолуурын олон улсын эвсэл гэдэг байгууллагыг үүсгэн байгуулсан хоёр хүний нэг боллоо. Нөгөөх нь Англид байдаг монгол гаралтай эмэгтэй. Бид 2014 оноос хойш ярилцаж байгаад Англид төвтэйгөөр, тус улсын Засгийн газрын ашгийн бус байгууллагын бүртгэлд хамруулан байгуулсан. Монголынхоо ажлыг би, харин Баруун Европынхыг Уунаа маань удирддаг.
-Бараг арван жил болох нь. Барьцтай үр дүн гаргаж чадав уу?
-Одоогоор манайх дэлхий нийтийн хэмжээнд ноолуурын худалдаа, үйлдвэрлэл, бэлтгэн нийлүүлэлт хариуцаж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжийн 70-80 хувийг нэгтгэсэн гишүүнчлэлтэй, нийтлэг засаглалын дүрмээр эвсэлдсэн олон улсын мэргэжлийн эвсэл, холбоо болоод байна.
-Өргөн цар хүрээг хамардаг юм байна шүү дээ.
-Эзэд хоорондоо худалдаа арилжаа хийхдээ ямар шаардлага, стандартаар бие биедээ үйлчлэх ёстой юм бэ. Хэрэглэгч хаан юм бол тэдэнд зориулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ноолуурын компаниуд, брэнд эзэмшигчид чанартай бэлтгэн нийлүүлэлтээр хангахад шаардагдах шалгуур үзүүлэлтүүдийг гаргаж, стандартыг тогтвортой үйлдвэрлэлийн хүрээнд нийлж боловсруулсан юм. Ноолуур нь малчнаас авхуулаад арилжаа эрхлэгч, боловсруулах үйлдвэр, агент, ээрмэлийн утас үйлдвэрлэгчид гээд олон эзэн дамжина. Явсаар байгаад эцсийн бүтээгдэхүүн дэлгүүрийн лангуун дээрээс хэрэглэгчид хүрдэг. Энэ хүртэлх замд олон эзэд хоорондоо яаж, ямар нийтлэг стандартын журмаар тогтвортой үйлдвэрлэлийг бие биенээсээ шаардах юм бэ гэдэг схемийг боловсруулсан. Монгол, БНХАУ-д нэвтрүүлсэн. Афганистанд судалгаа хийж байна.
Ноолуур, ноолууран бүтээгдэхүүн нь монгол угсаатнаас, Монголын өндөрлөгөөс буюу Монгол Улс болон Өвөр Монголоос гаралтай шүү дээ. Тийм ч болохоор манай хоёр улс дэлхийн ноолуурын түүхий эдийн 80-90 хувийг гаргаж байдаг. Тэгэхээр үүний стандарт, нэгдсэн зарчим, шалгуур үзүүлэлтийг монголчууд л гаргах ёстой байсан. Тэр утгаар бид ажилласан. Одоо бол бидний хамтын хүчээр буй болгосныг дэлхийн хэмжээнд Монголоос гаралтай, тогтвортой үйлдвэрлэлийн стандарт гэж үздэг болсон. Ер нь стандарт олон зарчим, олон шалгууртай байдаг. Нэгийг нь л дурдахад ISO байна. Манай стандартын төрөл бол сайн дурынх. Сонгон хэрэглэх стандарт гэсэн үг. Ийм ажил эрхэлж байна.
-Энэ стандартыг илэрхийлэх таван үзүүлэлт нэрлээч гэвэл юу, юуг дурдах вэ?
-Нэгдүгээрт, гарал үүслийг зайлшгүй мэдэж байх ёстой. Хоёрдугаарт ил тод, нээлттэй байх. Гуравдугаарт, стандарт нь өөрөө байгаль, нийгэм, хүнд ээлтэй байх ёстой. Дөрөв, тав дахь нь гэвэл өөр хоорондоо бие биенээ хүлээн зөвшөөрсөн, тухайн стандартаа ойлгосон байх гэсэн зарчмууд байна. Малчин өрх үйлдвэрлэгчийн хувьд ноолуурын ямаагаа мал маллагаа, арчилгааны хэм хэмжээнд хариулж, өсгөж, үржүүлж байна уу гэдгийг шалгах хэрэгтэй болж байгаа юм. Энэ нь малчдын өдөр тутмын ажил ч гэлээ, баталгаажуулах шаардлагатай.
-Тэгэхээр нутаг гэдэг ойлголт хөтөлсөөр тогтвортой үйлдвэрлэлийн стандарт бий болгоход хүргэв үү?
-Ер нь бол тийм. Бид өөрсдөөсөө холдож чадахгүй. Өөрийн бодол санаанаас салж чадахгүй. Үүнтэй адил нутаг хэмээх язгуур амин чанар үзэл бодлоосоо салах боломж байхгүй. Энэ богино хэрнээ гүн гүнзгий утга учиртай үгийг ойлгоход хүргэсэн судалгаа шинжилгээ олон жил хийснээр олон улсад ашгийн бусаар үйл ажиллагаа явуулдаг эвслийг найзтайгаа хамтарч санаачлан байгуулсан хэрэг. Малчидтай уулзаж, тэдний амнаас гарах үг бүрийг шимтэн сонсож, тэмдэглэж явдаг байлаа. Олон удаагийн аяллаар 300 гаруй хуудас үнэ цэнэтэй мэдээлэл цуглуулсан. Малчид өөрсдийнхөө тухай ярихдаа нутаг гэсэн язгуур орсон үгийг байнга хэрэглэдэг. Нутаглах гэдэг нь өөрөө нүүж очоод дангаараа ганц гэрээрээ оршин суух биш юм. Тухайн байгаль, орчин, хүн, мал, зэрлэг амьтад, уул ус, лус савдагтай нь хүртэл хамтдаа дасан зохиоцож, өөр хоорондоо эвтэй, аятай, хамтдаа шүтэлцээтэй амьдардаг. Ингэж амьдрах явцдаа малынхаа шимийг зовох юмгүй хөрөнгө болгоод сууж байдаг нөхцөлийг бүрдүүлэх нь хөгжлийн бодлого болоод байна. Мөн дээр дурдсанчлан олон улсын түвшинд гол үйлдвэрлэгч, тоглогчидтой хамтарч ажиллах, ухаалгаар түншлэх нь хурдацтай урагшлах гарц байх болно