Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдааны мэдээллийг Засгийн газрын гишүүн Ч.Хүрэлбаатар өглөө. Эдийн засаг, хөгжлийн сайд "Засгийн газар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Үүний тулд зарим ажлыг хэрэгжүүлсэн. Үр дүнд уул уурхай бүтээгдэхүүн тэр дундаа нүүрс олборлолт, экспорт өссөн. Тодорхой хэлбэл нүүрсний экспорт 2.5 сая тонноор өссөн. Гэхдээ нүүрсний тээврийн салбарын гэрээг ил болгох шаардлагатай байна. Экспорт өссөн нь гадаад валютын нөөц өсөхөд нөлөөлсөн. Мөн Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүний биржтэй болсон. Мөн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дарамт болохгүйгээр валютын нөөц нэмэгдүүлэх үүрэг өгсөн. Энэ биелээд явж байна. Цаашлаад төмрийн хүдэр, жонш, зэсээ борлуулна. Монгол Улсын инфляц 10.6 хувь болж аажмаар боловч буурч байна. . Би сая Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцсон. Хятадын эдийн засгийн өсөлт хүлээж байснаас өндөр гарч, энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн 1/3-г бүрдүүлнэ гэнэ. Цаашлаад БНХАУ-ын эдийн засаг 5-аас доошгүй хувиар өсөх төлөв байдал ажиглагдсан. Үүнийг дагаад Монгол Улсын эдийн засаг 7-гоос дээш хувиар өсөх нөхцөл бүрдэнэ. Үүнийг маш сайн ашиглах хэрэгтэй байна" гэлээ.