Латви улсад зохион байгуулдаг залуу хөгжимчдийн олон улсын уламжлалт “Wind stars-2023” уралдаанд хоёр дахь жилдээ шүүгчээр ажилласан, Консерваторын багш, Гавьяат багш Б.Зоригттой товч ярилцлаа.
-Уралдаан амжилттай болов уу. Манай улсаас оюутан, сурагчид оролцсон гэсэн. Хэр сайн өрсөлдөв?
-Манай сургуульд цохивор болон үлээвэр хөгжмөөр суралцдаг оюутан, сурагчид олноор оролцлоо. Цахим уралдаан болохоор боломж өргөн нь сайхан юм. Миний шавь Б.Ихмөрөн гран при шагнал хүртлээ. Харин Б.Хулан, Х.Танхилуун нар нэгдүгээр байр эзэлсэн. Модон болон гуулин, мөн ардын үлээврээр суралцдаг оюутан, сурагчид бас өндөр амжилт гаргалаа. Энэ төрөлд манай улсаас гран при шагнал аваагүй ч нэг, хоёр, гуравдугаар байр эзэлсэн нь олон. Зохион байгуулагчид албан ёсны цахим хуудсандаа зарласан байна лээ. Бид диплом нь ирэхээр баяр ёслолын байдалтай гардуулах гээд дүнг хэлэхгүй хүлээлгэж байгаа юм. Танай сонинд анх удаа хэллээ.
-Нэрийг нь харахад үлээвэр хөгжимчдийн уралдаангэж ойлгохоор. Цохиврыг бас хамруулдаг юм байна.
-Тийм ээ. Үлээврийн төрөл, зүйл олон болохоор ингэж нэрлэсэн гэж ойлгосон.
-Манай улсаас шүүгчдийн бүрэлдэхүүнд мэргэжилтнүүд урьсан нь Консерваторын сургалтыг үнэлж байгаа хэрэг гэж үзэж болох уу?
-Болно. Үлээвэр хөгжмийн багш Н.Ганбаатар Зүүн Европын үлээвэр хөгжмийн нийгэмлэгийн гишүүдтэй ОХУ-д хоёр ч уралдаан хамтшүүж, бие биеэ сайн мэдэх болсон юм билээ. Түүгээр дамжуулж манай улсын хөгжмийн дээд сургуулийн сургалтын чанарыг үнэлсэн байх. Түүнийг шүүгчээр урихдаа цохиврын төрлөөр ажиллах багш нэр заагаач гэсэн юм билээ. Ийм түүхтэй. Түрүү жилийн уралдаанд миний шавь С.Гүен нэг, Н.Азтүшиг хоёрдугаар байр эзэлснийг бас дуулгая.
-Энэ жил гран при шагналын эзэн болсон Б.Ихмөрөн ямар бүтээл тоглосон бэ?
-Унгарын хөгжмийн зохиолч Б.Мошковын “Унгар бүжиг”-ийг кислофоноор, харин Японы хөгжмийн зохиолч К.Абэгийн “Хулсан шугуйн салхи” гэдэг зохиолыг том маримбаар тоглосон.
-Шүүгчээр ажиллахад бүх зүйлойлгомжтой, төвөггүй байж чадав уу?
-Бүх зүйлд нь сэтгэл хангалуун байгаа. Уралдааныг маш сайн зохион байгуулдаг юм байна. Орос хэл эзэмшсэн минь хэрэг боллоо.
-Дараагийн уралдаанд ажиллуулахаар урих болов уу?
-Манай улсаас оролцсон оюутан, сурагчдын амжилт өндөр болохоор магадгүй л юм.