Манай улс 2023 он гарснаас хойш өнгөрсөн гуравдугаар сарын эцсийн байдлаар 13.85 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өмнөх жилийн мөн үеийнхээс 11.3 сая тонн буюу 4.5 дахин өссөн үзүүлэлт болсныг УУХҮЯ-наас өчигдөр мэдээлэв. Эл хугацаанд 358 мянган тонн зэсийн баяжмал нийлүүлсэн нь 8.5 хувиар илүү дүн аж. Түүнчлэн 1.27 сая тонн төмрийн хүдэр, баяжмал худалдсан нь 107.3 хувиар дээшилсэн гэсэн үг. Тэгвэл Төвбанк 2.24 тонн алт худалдан авчээ. Эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 30 орчим хувийн гүйцэтгэлтэй байгааг мөн дурдлаа. Тухайлбал, нүүрснийх 38, зэсийн баяжмалынх 25.6, төмрийнх 15.2, алтных 11.2, газрын тосных 17.7, цайрынх 57.7, хайлуур жоншных 42.8 хувьд хүрсэн аж.
Улсын хэмжээнд өнгөрсөн сарын эцэст 104 985 тонн шатахууны нөөцтэй байжээ. Үүнээс А-80 бензиний 5788 (35 хоногийн), АИ-92-ын 27 177 (22), АИ-95-ын 4426 (33), дизелийн түлшний 64 526 (26) тоннын нөөцтэй байсан гэнэ. Нийслэлийн хэмжээнд 50 443 тонн шатахууны үлдэгдэлтэй байснаас 1208 тонн нь А-80, 13 940 нь АИ-92, 3094 нь АИ-95, 29 172 нь дизелийн түлш аж. Монгол Улс энэ он гарснаас хойш 494.7 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.
Бэлтгэсэн: Ц.Ундрал