Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталсан. Үүний дагуу тус компани дахь охин аж ахуйн нэгжүүдийн бүтцийг оновчтой болгож, шинэчлэх ажлуудыг хийнэ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Д.Амарбаясгалан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар өчигдөр “Эрдэнэс Монгол”-д ажиллалаа. 2007 онд байгуулсан “Эрдэнэс Монгол” ХХК 2022 оноос эхлэн шинэчлэгдэж, бүтцээ өөрчлөн, сонгон шалгаруулалтаар хүний нөөцөө бүрдүүлээд буй. Энэ шинэчлэлээр өөрийн харьяан дахь 39 охин компанийг нэгдсэн удирдлагаар хангаж, олон улсаас хөрөнгө оруулалт татах, менежмент, засаглалын зөв хэлбэр рүү шилжих юм.
Дүрмийн шинэчлэлээр “Эрдэнэс Монгол” ХХК -ийн ТУЗ-ийн 51 хувийг төрийн төлөөлөл, 49 хувь нь хараат бус гишүүн байхаар болсон. Ингэснээр хараат бус, мэргэжлийн, чадавхтай боловсон хүчнээр ТУЗ бүрдэх боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, улс төрөөс хамааралтайгаар шийдвэр гаргадаг бус, мэргэжлийн баг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-д орж ажилладаг болно гэдгийг компанийн удирдлагууд тодотголоо.
Засгийн газраас төрийн өмчит компанийн үр ашигт байдлыг анхаарах зарчим баримталж байгаа. Төрийн өмчит компани, үйлдвэрийн газар зэрэг төрийн мэдлийн ажахуйн нэгжүүдүр ашигтай ажилладаг, эсэхээс хамаарч үйл ажиллагаа явуулах, эсэхийг нь шийднэ. Тиймээс эхний ээлжид “Эрдэнэс Монгол”-ын харьяаны охин компаниудын долоог нь татан буулгахаар болсон талаар сайд Д.Амарбаясгалан тодотгов. Мөн ТУЗ-ийн 270 гишүүний тоог 27 хүртэл бууруулах чиглэлийг Ерөнхий сайд өгснийг мэдэгдлээ. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийн шинэчлэлээр тус компанийн нүүрс болон зэсийн групп ТУЗ-тэй, бусад охин компани нь ТУЗ-гүй болж байна. ТУЗ нь жилд хоёр тэрбум төгрөгийн зардалтай байдаг бол гишүүдийн тоог багасгаж, цалинг цагаар тооцох системийг хэрэгжүүлснээр 0.5 тэрбум төгрөг болж буурах гэнэ.