Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар шатахуун тээвэрлэж эхэлснийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. Тодруулбал, “Монголын төмөр зам” компани, “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо” хамтран стратегийн томоохон орд газруудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, нутгийн иргэдийг хямд өртөгтэй шатахуунаар хангах, авто замаар нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэхээс шалтгаалсан байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор өнгөрсөн хоёрдугаар сард санамж бичиг байгуулсан. Үүний хүрээнд баасан гарагт дизелийн түлш ачсан 10 цистерн буюу 592.9 тонн шатахуун бүхий галт тэрэг “Зүүнбаян” өртөөнөөс 416.1 км аялан “Цогтцэций” өртөөнд хүрчээ. Ийнхүү анхны туршилтын тээврийг эхлүүлсэн бөгөөд цаашид тогтвортой үргэлжлүүлэхээр төлөвлөснөө ЗТХЯ-наас дурдав.