1967 оноос эхлэн жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ны өдрийг “Дэлхийн хүүхдийн номын өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн. Данийн үлгэрийн зохиолч Ханс Кристиан Андерсен 1805 оны дөрөвдүгээр сарын 2-нд Дани улсын Оденсе хотноо төржээ. Түүний “Нугасны муухай дэгдээхэй”, “Эрэлхэг тугалган цэрэг”, Бяцхан лусын дагина”, “Ямх охин” “Шүдэнз зардаг бяцхан охин” зэрэг зохиолуудыг дэлхийн өнцөг булан бүрт хүүхдүүд амтархан уншдаг.
Олон улсын хүүхдийн номын өдрийн зорилго нь хүүхдийг бага наснаас нь номд дуртай болгон хүмүүжүүлэх юм. Энэ өдрийг дэлхийн улс орнуудад хүүхдийн номын үзэсгэлэн, хүүхдийн номын зохиолчидтой уулзалт хийх, хүүхдэд ном бэлэглэх зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг байна.
Монгол улсад Хүүхдийн номын өдрийг угтан Хүүхдийн төв номын санд Зохиолч уншигчдын уулзалт, Сансрын нисгэгч болохоо сорьж үзэх, эсээ бичлэгийн уралдаан, мод тарих арга, шүдний өвчлөлөөс сэргийлье сургалт, хүүхдийн номын хямдралтай худалдаа, орон орны хүүхдийн үлгэрийн номын үзэсгэлэн, азын сугалаа зэрэг арга хэмжээнүүд дөрөвдүгээр сарын 1 буюу өнөөдөр зохион байгуулна. Хүүхдийг номтой нөхөрлүүлэх, сурч мэдэх хүсэл сонирхлыг идэвхжүүлэхээс гадна танин мэдэхүйн болон хүүхэд хөгжүүлэх сургалтын үйл ажиллагаа болно.