“Монголын геологи, хайгуул 2023” чуулга уулзалт, үзэсгэлэн өчигдөр эхэллээ. Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооноос 13 дахь жилдээ зохион байгуулж буй уг чуулганаар геологи хайгуулын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг хөндөн, гарц шийдэл эрэлхийлдэг. Мөн улсын хэмжээнд геологийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоод, төрийн байгууллагын төлөөлөл оролцохын зэрэгцээүе үеийн геологич, мэргэжилтнүүд, багш, оюутнууд цугладаг салбарын тэмдэглэлт өдөр юм.
үйл ажиллагааг хязгаарлаж байгаа шалтгаануудын нэг нь орон нутгийнхантай үл ойлголцдог явдал гэдгийг мэргэжилтнүүд онцолсон юм
Манай улс нийт нутаг дэвсгэрийнхээ дөрөв хүрэхгүй хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд одоогоор1600 гаруй аж ахуйн нэгж, ашиглалтын 1700, хайгуулын 800 орчим зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа аж. Ийм бага талбайгаас уул уурхайн бүтээгдэхүүн олборлож буй ч эрдэс баялгийн салбараас 2022 онд татвар хэлбэрээр 4.4 орчим их наяд төгрөгтөвлөрүүлсэн нь төсвийн орлогын 26.7 хувийг бүрдүүлжээ. 2018 онд 1.1 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж байсан бол уг хэмжээ сүүлийн таван жил тасралтгүй өсөж, дээрх дүнд хүрснийг“Эрдэс баялгийн салбарын татварын орлогын хуваарилалт” илтгэл тавих үеэрээ Татварын ерөнхий газрын Эрдэс баялгийн татварын хэлтсийн дарга Н.Мөнхбилэг тодотголоо. Түүнчлэн зөвхөн АМНАТ-ийн хэмжээ өнгөрсөн жил 2.9 их наяд төгрөгт хүрч, үүнээс Ирээдүйн өв болон Тогтворжуулалтын сан, улсын төсөв, орон нутгийн хөгжлийн санд хуваарилсан аж. Татвар төвлөрүүлэлт, хуваарилалт, цаашдын төлөвлөгөөний талаар Н.Мөнхбилэг “Ашиглалтын тусгай зөвшөөрлийн орлогоос 2022 онд орон нутагт хуваарилахад хамгийн өндөр буюу 107.5 тэрбум нь Өмнөговь, 72.2 тэрбум нь Орхон аймагт ногдсон бол Архангайд ердөө 20 000 төгрөг хуваарилагдсан.
Энэ нь тухайн аймагт уул уурхайн чиглэлийн хэдэн компани, хэр зэрэг үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотой. Ернь манай улсын болон орон нутгийн төсвийн багагүй хувийг эрдэс баялгийн салбараас бүрдүүлсээр ирсэн. Харин сүүлийн жилүүдэд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох болон бусад шалтгааны улмаас уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт буурч, ашигт үйл ажиллагаа нь багассаар байна. Энэ байдал хэвээр үргэлжилбэл 2050 он гэхэд төсвийн орлого дахь эрдэс баялгийн салбарын татвар одоогийнхоос төдийлөн өсөхгүй байх магадлалтай” хэмээв. Хайгуулын салбар нь уул уурхай, аж үйлдвэрийн салбарын тулгуур багана болж, геологийн ажлын далайц, үрдүн нь манай эдийн засгийг тэлэх, орлогыг өсгөх шууд нөхцөл хэмээн ойлгож болно. Тиймээс ч ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэмжээг нэмэгдүүлж, хайгуул, ашиглалтын чиглэлээр ажиллах аж ахуйн нэгжийг олшруулан, туссалбарт хөрөнгө оруулалт татах нь нэн тэргүүний асуудал болсон гэдэгтэй оролцогчид санал нэгдэж байлаа.
Хэтийн төлөвгүй, хууль, эрх зүйн орчин тааруу хэмээн үзээд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолгүй болжээ. Өнгөрсөн онд ярьж байсан зүйлээ энэ жил ч бид ярин, ер ахиц гаргасангүй. Одоо Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэлийн үр дүнд ямар боломж бий болохыг харах л үлдлээ
Жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй эл чуулганаар өнгөрсөн онд геологийн салбарын хөгжил удааширч, геологичдын ажиллах боломж хумигдаж байгаа талаар хөндсөн. Үүнд олон хүчин зүйл нөлөөлсөн ч компаниудын үйл ажиллагааг хязгаарлаж байгаа шалтгаануудын нэг нь орон нутгийнхантай үл ойлголцдог явдал гэдгийг мэргэжилтнүүд онцолсон юм. Тэгвэл энэ жил ч мөн адил үүнийг онцлон, өнгөрсөн жилийн хугацаанд ямарч ахиц гараагүйг хэлэх хүн олширчээ. Тусгай зөвшөөрөл авч, шаардлагатай бичиг баримт бүрдүүлээд, хайгуулын талбайдаа очиход огт ажил хийлгэхгүй байх, бүр хөөж явуулсан тохиолдол гарсаар буй гэнэ. Үүнийг засаж залруулах, геологийн шинжлэх ухааны талаарх ойлголтыг олон нийтэд таниулах, улмаар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа явуулах боломжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахад Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрхэн батлах нь чухал нөлөөтэй гэнэ.
Тиймээс ч энэ удаагийн чуулганы онцлох сэдэв нь дээрх хуулийн шинэчлэл байв. Эл хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой санал солилцон, хэлэлцүүлэг өрнүүлж, аман болон бичгэн хэлбэрээр оролцогчдоос хуульд тусгуулах санал хураасан юм. Зарим геологичийн хэлж буйгаар Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад хамгийн гол нь аж ахуйн нэгжүүд бизнесийн зарчмаарүйл ажиллагаа явуулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахад чиглэсэн зүйл заалт тусгах ёстой гэнэ. Мөн орон нутгийнхан болон уул уурхайн компаниудын үл ойлголцлыг хуулийн хүрээнд шийддэг болох, тухайн газрын иргэдэд ийм бүс нутагт, тийм төрлийн судалгааны ажил хийнэ, түүнд хөндлөнгийн ямарч оролцоо байж болохгүй гэдгийг ойлгуулж, үүрэг хүлээлгэх хэрэгтэйг оролцогчид тэмдэглэж байлаа. Түүнчлэн дээрх хуулийн шинэчлэлийг Газрын хэвлийн болон Цөмийн энергийн тухай хуультай уялдуулан боловсруулахгүй бол салангид байдлаар зохицуулагдах нь олон асуудал гарч, бэрхшээл тулгарч болзошгүйг“Легал полиси” хууль зүйн компанийн хуульч Ө.Сайнбаяр өгүүлэв.
1994 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулийг цөөнгүй удаа өөрчилж, шинэчлэн найруулжээ. Ийм тохиолдол бүрт эрдэс баялгийн салбар дахь төрийн оролцоог өсгөн, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлыг орхигдуулж ирсэн гэнэ. 2006 он хүртэл олон улсад томоохонд тооцогддог уул уурхайн компаниуд манайд ямар нэгэн байдлаарүйл ажиллагаа явуулж, хамтран ажиллахаар эрмэлзэж байж. Гэтэл 2006 онд хуульд өөрчлөлт оруулан, гэнэтийн ашгийн болон усны нөөц ашигласны татвар зэргийг нэмж, хөрөнгө оруулагчдыг үргээснийг санууллаа. Мөн хайгуулын лицензийг өргөдлөөр олгон, талбайн хураамжийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нь эрдэс баялгийн салбарт гадаадын хөрөнгө оруулалт татах боломжийг улам бүр хязгаарлаж буйг анхааруулав.
Энэ талаар “Монголын геологи, хайгуул 2023” чуулга уулзалт, үзэсгэлэнг санаачлан зохион байгуулагч, Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны ерөнхийлөгч М.Очирбат “Бид хөрөнгө оруулалтын орчноо сайжруулж, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрдүүлэх хэрэгтэйг сүүлийн жилүүдэд ярьсаар байгаа ч үр дүн алга. Гадаадын шууд хөрөнгө оруулалт гэдэг бол тухайн улс, үндэстний аюулгүй байдлын баталгаа, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх нэг нөхцөл болдог. Гэтэл энэ жил хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор зарласан талбайг сонирхсон хөрөнгө оруулагч алга. Хэтийн төлөвгүй, хууль, эрх зүйн орчин тааруу хэмээн үзээд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолгүй болжээ. Өнгөрсөн онд ярьж байсан зүйлээ энэ жил ч бид ярин, ер ахиц гаргасангүй. Одоо Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэлийн үр дүнд ямар боломж бий болохыг харах л үлдлээ” хэмээсэн юм.
Дээрх чуулган, үзэсгэлэнд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдагаж ахуйн нэгжүүд, геологи, геодез зураг зүйн компани, том оврын тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж нийлүүлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна. Мөн уул уурхайн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн багш, судлаач, оюутнуудын эрдэм шинжилгээний бүтээлийг ч толилуулж байгаа юм. Бас салбарын мэргэжилтнүүд, төрийн байгууллагынхан болон эрдэмтэн судлаачид Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагаа, Тарвагатайн ордын палеозойн гранитоид чулуулгийн геохими, Сайхан-Овоо формацийн элсэн чулууны геохими зэрэг илтгэл, хөтөлбөрийг танилцууллаа. Чуулганд өчигдөр цахимаар болон биеэр1000 орчим хүн оролцсон бөгөөд өнөөдөр үргэлжилж, өндөрлөх юм.