Хэл зүйн ухааны доктор, профессор, олон улсын Улаанбаатарын их сургуулийн Чингис хаан судлалын хүрээлэнгийн захирал, солонгос хэлний мэргэжилтэн Балдандоржийн Сумъяабаатартай ярилцлаа. Нөр хөдөлмөрийнх нь үнэлгээ болсон Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоо буурал эрдэмтэн Монгол бахархлын өдөр Ерөнхийлөгчөөс гардан авсан юм.
-Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн болсонд юуны түрүүнд баяр хүргэе. Шагналаа гардах агшинд чухам юун тухай тунгаан болгоосон бол?
-Шагнал гэдэг чинь зүүний үзүүр дээр ширхэг будаа тогтохтой адил зүйл шүү дээ. Сөхөрч очиж, сүслэнхүртэх учиртай. Өнгөрсөн онд Чингис хааны мэлмий гийсний 860 жилийн ой тохиолоо. Нэг үе Чингис хааныг газар дор ортол муулдаг байхад би гэдэг хүн угийн бичгийг нь хэвлүүлсэн удаатай (“Буриадын угийн бичиг”. 1966 он). Тэгэхээр насыг минь хүндэлж, бүтээлийг минь үнэлсэн байх аа.
-Энэ туулай жилд монголчууд түүх, өв соёлоороо бахархсан олон тэмдэглэлт ойтой “золгоно”. Ялангуяа соёл урлагийн амьдралд онцгойүйл явдлууд тохиож байгаа шүү дээ. Тантай уулзсан гол зорилго минь үүнтэй холбоотой. Чухам ямар ой, тэмдэглэлт өдрүүд тохиох вэ?
-Монголчууд эртнээс олон улсын түвшинд соёлын үр түгээн, дэлгэрүүлж, өөрсдийн өв соёлыг сурталчилж байсан олон баримт бий. Энэ туулай жилд монгол өв соёлын хэд хэдэн чухал ой тохиож байгааг сурвалж бичгээс эшлэн хэлье.
Нэгдүгээрт, Монголд гадаад оюутан ирж суралцсаны 1028 жилийн ой болно. Хятаныг дэлхийн эрдэмтэд Монголын нэгэн өвөг дээдэс гэж үздэг. Тэгвэл 995 онд хятан хэл сургахаар ХятанрууСолонгосоос 10 эрэгтэй хүүхэд илгээсэн түүхтэй. Энэ бол Төв Азиар зогсохгүй дэлхийн соёлын харилцааны түүхэнд алтан үсгээр тэмдэглэх явдал. Энэ тухай эх сурвалж бол “Гуулин улсын судар” юм. (1-3-46).
Хоёрдугаарт, 1063 онд Хятан улсаас Гуулин улсад их хөлгөн судар “Ганжуур”, “Данжуур” илгээснийг нь IV мөчлөгийн үзэсгэлэн болгогч хэмээгч харагчин туулай жилийн гуравдугаар сард хүлээж авсан байна. Өдий үед гэсэн үг. Өнөөдөр 2023 оны үзэсгэлэн болгогч хэмээгч харагчин туулай жилийн гуравдугаар сар. Төв Азийн Хятан гүрнээс их хөлгөн судрыг гадаадад бэлэглэсний 960 жилийн ой нь жил, сартайгаа ийнхүүтохиож байгаа нь нэн сонирхолтой. Үүний эх сурвалж нь мөн л “Гуулин улсын судар”. (1-8-58).
Гуравдугаарт, Гурван голын (Чингисийн монголчууд) монголчуудыг “бичиг үсэггүй” байсан гэж нэртэй нэгэн монголч эрдэмтэн бичсэн байдаг. Үнэн, эсэхийг хагалах баримт нэг хэсэг байгаагүй юм. Харин түүнийг үгүйсгэх түүхэн баримт солонгос сурвалжаас олдов. 1221 онд Солонгосоос лүнтуан бэх 1000 ширхэг, бийр 200 гуурс, цаас 10 түмэн хуудас илгээх тухай жуубичиг “Гуулин улсын судар”-т (1-22-335, 2-22-515) байна. Бичиг үсэггүй байсан бол тэр их цаас, бэх, бийрээр юугаа хийх билээ. Тэгэхээр энэ бол Гурван голын монголчууд бичиг үсэгтэй байсны хөдөлшгүй баталгаа. Энэ үйл явдал “Монголын нууц товчоо” зохиогдохоос 20-иод жилийн өмнө, монгол бичгийн анхны хөшөө “Чингисийн чулууны бичиг”-ээс ч хорь орчим жилийн урьд болжээ. Өрнө дахинд илгээсэн бичгүүдийг солонгос цаасан дээр бичсэн гэж эрдэмтэд үздэг. Энэ мэтийг харгалзан үзвэл “Монголын нууц товчоо”-г солхо буюу солонгос цаасан дээр бичсэн байхыг үгүйсгэх учиргүй. Монгол Улс гадаадаас бичгийн хэрэгсэл авахуйц үлэмж соёлтой байсны 802 жилийн ой нь энэ туулай жилд мөн тохиох нь.
Дөрөвдүгээрт, монголчууд гадаад улсуудтай монгол бичгээрээ харилцдаг байсныг гэрчлэх түүхэн баримт цөөнгүй. Тэдгээрийн дотор монгол дөрвөлжин үсгээр бичсэн жуубичгийн 750 жилийн ой энэ онд болох юм. Хубилай хааны эл жуубичгийг Гуулин улсын Вөн Жон ван 1273 оны хаврын тэргүүн сарын хар нохой өдөр хүлээж авсан. Тэр үед Гуулин улсад дөрвөлжин үсгийн мэргэжилтэн байгаагүй аж. Энэ тухай “Хааны жуубичгийг вангардаж авсан боловч энэ нь шинээр зохиосон монгол бичгээр бичсэн тул мэдэх хүн нэг ч байгаагүйн улмаас ирсэн элчээр тайлбарлуулж утгыг ойлгов” гэсэн тэмдэглэл бий. Үүнээс үзэхэд дундад зууны Монголын элч төлөөлөгч нар зүгээр нэг морь унаж давхидаг хүмүүс бус, бичиг үсэгт боловсорсон байсныг мэдэж болно. Дөрвөлжин үсгийн мэргэжилтэн Гуулин улсад байгаагүй тул Монголоос солонгост мэргэжилтэн илгээсэн нь 1295 оны нэгдүгээр сарын хар бичин өдөр очсон байна. Энэ мэт Монголоос гадаадад багш илгээж байсны 727 жилийн ой 2023 онд тохиож байна.
Тавдугаарт, эх бичмэл нь олдоогүйгээс нэг үе Чингис хааны “Их засаг” хууль байсан, байгаагүй гэж маргалдсан. Үүнд цэг тавих түүхэн баримтыг мөн л солонгос сурвалжаас олж, тогтоолоо. 1280 оны аравдугаар сард нэг хэсгийг нь Гуулин улсад илгээснээс гадна Хубилай хааны хэд хэдэн жуубичигт байна. Үүнийг Чингис хааны “Их засаг” хуулийн нэг хэсэг мөн гэж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимэд олон улсын монголч эрдэмтний IX их хурлын үеэр албан ёсоор зарласан. Зөвлөлт, Оросын эрдэмтний бичсэн зүйл ч бий. Энд монгол хэлний зарим үг, тухайлбал “зуут”, “хэвч баатар”(хэв журам сахиулагч), “хүчин” (хүчний хүн) гэдгийг солонгосоор орчуулалгүй, галиглаж тайлбарласан нь уугал эх бичиг нь монголоор байсныг гэрчилнэ. (Эх сурвалж “Гуулин улсын судар”-ын 1-29-451, 452, 453, 454, 3-29-222, 223, 224, 225, 226, 227). Тэгэхээр Чингисийн “Их засаг” хуулийн хэсгийг гадаадад илгээсний 743 жилийн ой удахгүй тохиох юм.
Зургадугаарт, монгол жүжигчид гадаад улсад айлчлан тоглосныг саяхнаас эхэлсэн мэтээр бичдэг хүн цөөнгүй. Гэвч түүх үүнийг үгүйсгэж байна. Монголын Хөх гүрэн (Юаньгэдэг бол Монголын Хөх гүрний хятад нэр)-ий эрэгтэй, эмэгтэй жүжигчид 1283 оны наймдугаар сарын хөхөгчин могой өдөр Гуулин улсад очиж, шарагчин тахиа өдөр тоглолт хийжээ. Чхүн Рйөл ван тэднийг гурван жин цагаан мөнгөөр шагнасан байна. Үүнээс улбаалахад монгол жүжигчид гадаа дад айлчлан тоглосны 740 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ бол Монголын соёл, урлагийн түүхэнд чухал ой. (Эх сурвалж “Гуулин улсын судар” (1-29-463, 3-29-252).
Долдугаарт, Монголын эш хатан-хуантайхэү солонгос бичээч нараар их хөлгөн судар хуулуулж, 1311 оны наймдугаар сард 5800 зоосоор шагнажээ. Уг судрыг 1311 оны арваннэгдүгээр сард Солонгосоос Монголд илгээсэн байна. Энэ түүхэн үйл явдал 712 жилийн өмнө болсны ой нь тохиож байна. (Эх сурвалж “Гуулин улсын судар” (1-34-526, 3-34-432)
Наймдугаарт, Монголын хаан, Гуулин улсын Чхүн Сүг ванд 4371 боть, 17 000 дэвтэр ном илгээснийг хөх барс (1314 он) жилийн долдугаар сарын хөх барс өдөр хүлээн авчээ. (Эх сурвалж “Гуулин улсын судар” (3-34-453).
Бүхэл бүтэн номын сан гэсэн үг бөгөөд дундад зууны Монгол дэлхий дахинаа номын соёл түгээгч байсныг гэрчлэх сац, олон улсын соёлын түүхнээ алтан хуудас болон бичигдэх зүйл.
-Та дээр дурдсан ном бэлэглэсэн түүхийн талаар 10 гаруй жилийн өмнө Сөүлд “Дундад зууны Монгол Улс Солонгостой номын садан байв” гэсэнилтгэл тавьсан шүү дээ. Түүнчлэн 1990 онд Монгол, БНСУ дипломат харилцаа тогтоосны дараа манай соёл урлагийн төлөөлөгчид тус улсад айлчлан тоглож, эх орноо сурталчлахад та хэлмэрчээр ажилласан. Энэ мэт арвин сантай эрдэмтэнтэй уулзсаных “хэл загатнаад” байгаа нэг асуулт байна. “Хархорум”, “Хархорин” гэсэн хоёр нэрийн талаар их сонирхолтой түүх өгүүлдэг. Тэр талаараа уншигчдад маань товчхон хэлж өгөөч.
-Эртний нийслэлийнхээ нэрийг хадгалсан шинэ хот байгуулах Ерөнхийлөгчийн зарлиг бол цаг үеэ олсон талархууштай зүйл. Харин нэрийн бичлэгийн хувьд жигдлэх асуудал байна. “Хархорум” гэсэн бичлэгтэй үг сурвалж бичигт огтоос байхгүй. Юуны өмнө зөвхөн “хорум” гэснээр эртний хэлбэртээ орчихож байгаа юм биш. Нөгөөтээгүүр, “Хархорум” гэхээр орчин цагийн монгол хэлний хэлбэр бөгөөд дундад эртний монгол хэлний хэлбэр холилдоод байгаа юм. “Улаанбаатар”-ыг “Улаанбахатур”, “Өмнөговь”-ийг “Эмүнэговь”, “Цагаан-Овоо”-г “Цагаан-Обуга” гэж бичвэл юу болох вэ. Үүнтэй утга ижил. Хэлний үзэгдэл бүхэн дор бүрнээ өөрийн замналтай, замбараатай, тогтолцоотой оршдог. Өөрөөр хэлбэл, орчин цагийн монгол хэлээр бичих гээд байна уу, дундад эртний монгол хэлээр бичих гээд байна уу гэдэг асуудалтай тулгарна. Дундад эртний монгол хэлний хэлбэр нь “Каракорум” байж болно. Орчин цагийн монгол хэлнээ үгийн нэгдүгээр үеэс хойш богино “у” хэзээ ч ордог гүй. Жишээлбэл, “намур”, “хабур”, “хамуг”, “гарул”, “уруг”, “хутуг” гэдэггүй, “намар”, хавар”, ”хамаг”, “гарал”, “ураг”, “хутаг” гэж хэлдэг, бичдэг. Мөн, “хорум” гэдэг үг галт уулын “хүрэм” (эн) чулуу гэдгээс гаралтай биш. Нөгөө талаар, “хорум” гэдэг үг дундад зууны зарим сурвалжид аль хэдийн “хорин” болоод тэмдэглэгдчихсэн байгаа. Тэртээ тэргүй хөгжил хувьслынхаа замыг туулж ирсэн “Хархорин” гэдэг нэр орчин цагийн монгол хэлнээ нэгэнт байсаар байгаа болохоор тийн жигдлэх нь зүйд нийцнэ гэж боддог.
Эцэст нь хэлэхэд, БНСУ-ын нэрт монголч эрдэмтэн Ким Юүхйөг профессор одоогоос 30 гаруй жилийн өмнө, “Каракорум”-ыг монгол гэр загварт хот болгон сэргээх зураг гаргасан байдаг. Тэр зургийг энд сонирхуулъя.