Эгшигт хайрцаг хэмээн монголчлон нэрлэж ирсэн бягтруулаар XX зууны цуутай дуучид М.Дугаржав, Д.Ичинхорлоо нарын дуулахыг сонсож, тэр үеийн дуунуудыг өнөө цагийн алдартнууд үзэгчдэд хүргэхийг хүлээж авах завшаан тохиов. Үндэсний дуу бүжгийн “Цагаан лавай” болон Төмөр замын дуу бүжгийн чуулга, “World music gallery” хамтран “Монгол пянз- 1933” сонгодог үдэш зохион байгуулав. Манай улсад пянзны соёл дэлгэрч эхэлсэн 1933 оны хоёр, тухайн үеийн зургаан дуучин Москваг зорьж дуугаа бичүүлсэн 1934 оны найман пянзыг энэ үеэр сонсгосон юм. Пянз цуглуулагч С.Түвдэндорж баадуутай бягтруулыг гараар эргүүлэн тоглуулж, хөгжим судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг түүх ярьж, тайзнаа дуучид, хөгжимчдийг уриад л, үзэгчид эгээ л цоо шинэ юм үзэж буй мэт гайхас хийсээр байв.
Зурагтаар XX зууны эхэн үед монголчууд хэрхэн дуулдаг байсныг бягтруулын бичлэгээр сонсохтой таарч байлаа. Харин хажуунаас нь мэдрэх өөр юм. Тэр үеийн алдарт дуучин, хөгжмийн зохиолч, дипломатч М.Дугаржав “Агаараар нисдэг аэроплан”, “Монгол транс” зэрэг нэлээд хэдэн дуу төрүүлснийг мөн л тухайн үеийнхэн дуулж, олон түмний хүртээл болгож байжээ. Дуулах хэв маяг нь хятад гэмээр ч юм шиг. Үүнийг хүрээ дуу гэх юм билээ. Хөгжим судлаач Ч.Буянхишиг “Монголчууд Манжийн дарлалаас гараад удаагүй байсан үе. Тийм болохоор дуу, хуурт нэвтэрч эхэлсэн манж, хятад гэхээр манер байсан нь үнэн. Харин түүнээс хойших он жилүүдэд урлагийн зүтгэлтнүүд дор бүрнээ хичээн зүтгэсээр монгол ая, дан, донжийг сэргээсэн түүхтэй” хэмээлээ.
Эгшигт хайрцагт дуугарсан “Үхэрчин хүү” дууг энэ цагийн нэрд гарсан дуучин Б.Алтанжаргал, “Баян Монгол”-ыг Ц.Үенч Гавьяат, “Цэвэр охин”-ыг “Хан Хэнтий” чуулгын дуучин П.Оюунтуяа өөр өөрийн илэрхийллээр үзэгч, сонсогчдод хүргэсэн нь сонирхолтой байв. Дуулахыг нь анх удаа сонссон болоод ч тэр үү, дуучин П.Оюунтуяаг онцгойлон таашаав. Тэрбээр монгол ардын дууны мастер аж. Энэ үдшийн тоглолтод “Цагаан лавай” болон Төмөр замын дуу бүжгийн чуулгын хөгжимчид хамтарсан юм.
Хөгжмийн түүхийн “World music” галерейнхан элдэвтэй улс байна. Монгол пянз дагнан цуглуулагч нь инженер, эдийн засагч мэргэжилтэй, дуу, хөгжимд дуртай, монгол соёл, өвийг бишрэгч С.Түвдэндорж. Цөөнгүй жилийн турш пянз цуглуулахдаа улсынхаа олон ч аймагт хүрч очжээ. Харин гадаад пянзны сан хөмрөг нь зураач, Британид олон жил амьдарсан Д.Батбилэг болон түүний хүү, мөн зураач Б.Эрдэнэбаяр нарынх ажээ. “World music”-ийг 2018 онд байгуулсан бөгөөд үзэгч, ялангуяа хүүхэд, залууст идэвхтэй үйлчилж, пянзны үүсэл, хөгжлийн жимээр аялуулдаг юм байна.