“Утгын чимэг-2022” богино өгүүллэгийн уралдааны эхний шатны шалгаруулалтыг явуулж дуусжээ. Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг угнаадамд уран бүтээлчид энэ удаа нийт 80 өгүүллэг ирүүлсэн байна. Тэдгээрээс сүүлийн шатанд буюу шилдгийн төлөө өрсөлдөх 10 өгүүллэгийг тодруулжээ. Н.Баасанжавын “Алтан зуузай”, С.Баттулгын “Тэнгэр үр”, Э.Ганболдын “Алгын чинээхэн газар”, Х.Эрдэнэцэцэгийн “Гэрэлтэгч хулс мод”, До.Цэнджавын “Цагаан нохой” өгүүллэг сүүлийн шатанд өрсөлдөхөөр шалгарчээ. Мөн Ц.Цоожчулуунцэцэгийн “Хишиг”, А.Ивээлийн “Буйд сумын наадам”, Л.Дайриймаагийн “Гар хөрөө”, Н.Мөнхсайханы “Дардас”, Б.Цогнэмэхийн “Ай, Сүнжидмаа минь ээ, хө” бүтээл шилдэг 10-т багтсан байна. Эдгээрээс шилдгийн шилдгийг ирэх оны нэгдүгээр сарын 19-нд болох хоёрдугаар шатны шалгаруулалтаар тодруулах аж. Ташрамд дуулгахад, тус эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, утга зохиолын салбарын оны шилдгүүдийг тодруулах “Алтан өд” наадамд өрсөлдөх бүтээлүүдийг энэ сарын 25 хүртэл хүлээж авах юм билээ.