Тайландын Бангкок хотод болсон 33 дахь удаагийн “Азийн цом-2022” тэмцээний үеэр Азийн ширээний теннисний холбооны Удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж, зарим шийдвэр гаргажээ. Тухайлбал, ирэх онд Монгол Улсад ахмад үеийнхний Ази тивийн АШТ-ийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Уг хуралд Монголын ширээний теннисний холбооны дэд ерөнхийлөгч Б.Ганбаатар, олон улсын шүүгч Э.Мөнхбилэг нар улсаа төлөөлж оролцсон юм.
Ташрамд дурдахад, Олон улсын теннисний холбооноос гишүүн орнуудын уулзалт, хурлыг Шотланд улсын Глазго хотод зохион байгуулж, тэмцээний дүрэмд зарим өөрчлөлт оруулахаар санал хураалт явуулжээ. Үүний үр дүнд 2024 онд болох Парисын олимпын наадамд гишүүн орны тамирчид теннисний холимог, хосын төрөлд чансаа харгалзахгүй оролцох боломж бүрдүүлсэн гэнэ.