Практик буудлагын гар бууны 19 дэх удаагийн ДАШТ Тайланд улсын Паттаяа хотод үргэлжилж байна. Үүнд 60 улсын 1600 гаруй тамирчин онч сорьж буй юм. Энэ сарын 3-нд шилдгүүдээ тодруулах угтэмцээнд буудагч бүр 30 дасгал гүйцэтгэнэ. Монголын буудагчид ахлах дасгалжуулагч, ОУХМ Д.Наранбаатарын удирдлагад эл тэмцээнд өрсөлдөж байгаа аж. Тухайлбал, 50-59 насны ангилалд ОУХМ Б.Алтанбагана, Ц.Дашдэмбэрэл, 21-49 насныхад Д.Энхбаатар, спортын мастер Э.Эрдэнэхалиу нар оролцож буй. Залуучуудын ангилалд эмэгтэйчүүдээс Д.Хатанзаяа, залуусын дэд ангилалд спортын дэд мастер Д.Намуун, Н.Амир нар өрсөлдөж байгаа. Түүнчлэн Монголын практик буудлагын холбооны ерөнхийлөгч, дасгалжуулагч Д.Наранбаатар шүүгч, албаны хүмүүсийн оролцдог тэмцээнд өрсөлдөх юм.