Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг “FIBA 3x3 world tour” ирэх сард дуусна. Тус тэмцээний шилдэг 12-т манай улсын “Улаанбаатар ММС энержи” баг шалгарч, сүүлчийн шатанд өрсөлдөхөөр болжээ. “FIBA 3x3 world tour” нь өнгөрсөн тавдугаар сард Японд болсон Үцүномиягийн нээлттэй тэмцээнээр эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд нийт 11 тэмцээнийг зохион байгуулаад буй юм. Эдгээр тэмцээний нийлбэр дүнгээр шилдэг 12 багийг шалгаруулсан бөгөөд “Улаанбаатар ММС энержи”-гийнхэн амжилтаараа наймдугаарт жагсжээ. “FIBA 3x3 world tour” ирэх сарын 10-нд болох Абу-Дабигийн шигшээ тэмцээнээр өндөрлөнө. Уг тэмцээнд шилдэг 12 баг өрсөлдөх юм. Үүнд “Улаанбаатар ММС энержи”-гээс гадна АНУ, Серби, Нидерланд зэрэг улсын баг шалгарчээ.