Монголын мэргэжлийн загвар зохион бүтээгчдийн холбооноос зохион байгуулсан “Fashion week” загварын экспог зорьж очлоо. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно байрладаг “Park od mall” худалдаа, үйлчилгээний цогцолборын зургадугаар давхарт гарахад аргагүй загварынхан цуглаж дээ гэхээр гоё орчин угтсан юм. Олон нийтийн танил болсон “Ариуна Сүри”, “Мишээл, Амазонка”, “Монулун”, “Хайрын хурим”, SOYO, TUVZA-гаас авхуулаад олон нийт төдийлөн мэдэхгүй ч загвар, хийцээрээ хараа булаасан брэндүүдийн бүтээгдэхүүнтэй танилцав. Соёлын яамны дэмжлэгээр зохион байгуулсан уг арга хэмжээнд мэргэжлийн 25 дизайнер бүтээгдэхүүнээрээ оролцсон байна.
Хамгийн түрүүнд “Урлах эрдэм” сургуулийн төгсөгч, дизайнер Эрдэнэ-Очиртой уулзав. Тэрбээр 2019 оноос үйл ажиллагаа идэвхтэй явуулж буй аж. Эмэгтэй хүн заавал гоо биеэрээ бусдын харцыг булаах албагүй, өөртөө эвтэй хувцаслаж, чөлөөтэй сэтгэж амьдардаг байх ёстой гэсэн утга санаагаар, Японд дэлгэрсэн анти фэйшн хэв маягаар бүтээдэг юм байна. Хэмжээ томтой, оёдол ихтэй эмэгтэй хүрмийг нарийн шидэмсээр бүсэлхий рүү чигтэй хумьж уян өмсөх зориулалтаар гаргасан загвар нь сонирхолтой юм. Хүсвэл бүхий л шидэмсийг нь задгай тавьж, хүрмийг нэвсийлгэн өмсөж ч болох аж.
Загвар зохион бүтээгч М.Цолмонгийн “Tsolo Munkh” брэндийн бүтээгдэхүүнүүд байна. Зузаан, нимгэн даавуу, торгыг ч хурганы арьс зэрэгтэй хослуулан цув, даашинзны загварыг өвөрмөцөөр шийддэг ажээ. Студи нь Монголд байдаг ч зохион бүтээсэн болгоноо гадаадын орнууд руу чиглүүлдэг, арт фэйшн чиглэлээр урладаг дизайнер юм байна.
Тэмээний ноосон төрөл бүрийн цамц, хүрэм, пальто оёдог “Зосон” хэмээх брэндийн цамцнууд нь 280 мянган төгрөгийн үнэтэй гэсэн. Малгайтай загвар нь таалагдав.
2012 оноос үйлдвэрлэлээ эхэлсэн “Muze art”-ынхан үзэсгэлэнд шинэ жилийн баярт өмсөж болохуйц загварын бүтээгдэхүүнүүдээ танилцуулж байлаа. Олон хуниастай, гялгар материалтай урт банзлуудыг нь хүмүүс ихэд сонирхож байв. Япон торгоор урласан даашинзнууд нь чамин юм.
Ноолууран хувцасны “Ноими” брэндийн цамцнууд төдийлөн элбэг байдаггүй загвартай юм билээ. 990 мянгаас 1.5 сая төгрөгийн үнэтэй аж. Цагаан болон хар саарал өнгийн, дулаан, биед эвтэй нь харваас илт ноолууран пальтонууд гурван сая төгрөгөөс дээш үнэтэй. Өдгөө хүмүүсийн өргөн хэрэглэдэг цамц болон ноолууран пальтонуудтай харьцуулахад 2-3 дахин их ноолуур орсон тул ийм үнээр худалдахад хүрсэн хэмээн худалдагч нь тайлбарлаж байлаа. Дан пиджак ч байна. Ер нь аль ч төрлийнх нь хөнгөн, цэмцгэр аж.
Загварын экспо гурав хоног үргэлжилсэн бөгөөд сүүлчийн өдөр нь загвар зохион бүтээгчид Соёлын яамны, тус салбарыг хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтарч Монголын загвар зохион бүтээгчдийн үйл ажиллагааг хэрхэн дэмжиж, оюуны бүтээлийг яаж хамгаалж, хичээл зүтгэлийнх нь үр дүнг өөрсдөд нь хүртээдэг болох талаар хэлэлцсэн юм. Соёлын яамны зүгээс энэ бүхнийг зохицуулах хуультай болох нь зүйтэй гэж үзсэн тул төсөл боловсруулж буй юм билээ. Түрүү жилээс эхлэн загварын ертөнцийнхөнтэй удаа дараа уулзаж, санал, хүсэлт, зөвлөгөөг нь авчээ. Энэ удаа ч тэд эл экспод оролцож, оюуны бүтээлүүдээ олон нийтэд танилцуулсан загвар зохион бүтээгчидтэй ярилцав. Загвар зохион бүтээхээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн гаргаж, үр ашгийг нь уран бүтээлчид болон нийгэмд хүртээх хүртэл аль шатанд, ямар дэмжлэг чухал талаар санал солилцсон, ер нь шаардагдах зохицуулалтуудыг тусгасан хуультай байх нь төрийн томоохон дэмжлэг болно хэмээн тэд үзэж буй аж.
SOYO брэндийг үүсгэн байгуулагчдын нэг, Мэргэжлийн загвар зохион бүтээгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Д.Энхмаа “Хэлэлцүүлгээр татвар, гааль, материал, хөрөнгө оруулалт, оюуны өмчийн хамгаалалт зэрэг олон сэдвээр асуудал хөндсөн. Мэргэжилтэн, хүний нөөцийн хомсдол нүүрлээд байна. Сургалтын цөөн байгууллага байдаг ч хөтөлбөр нь хуучныхаараа. Тиймээс сургалтыг хэрхэн зохион байгуулах, гадаадад хэнийг явуулж сургах нь зүйтэй вэ гэдгээс эхлээд шийдэл нэхсэн асуудал олон байдаг. Юутай ч хуультай болбол байдал эрс сайжрах байх. Киноны тухай хуультай болсноо энэ чиглэлд ямар, ямар дэвшил ажиглагдаж буйг бид харж байна. Тэгэхээр загварын чиглэлд Соёлын яамны баримталж буй бодлого зөв, зүйтэй санагдаж байгаа” гэлээ.