АНЭУ-ын Абу-Даби хотод энэ сарын 11-19-нд зэрэг зохион байгуулсан жиү жицүгийн ДАШТ, “World festival” буюу Дэлхийн наадамд Монголын 134 тамирчин өсвөр үе, пара, мастерс, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдлөө. Дэлхийн наадамд хүч сорьсон өсвөр үеийнхнээс 30 гаруй нь медаль хүртэж, эх орондоо өчигдөр ирсэн юм. Тэгвэл ДАШТ-ий мастерс ангилалд зодоглосон бөхчүүдээс хөх бүсний 69 кг-ын жинд “Гаруда” академийн Б.Бундхорол анх удаа оролцож түрүүлэв. Тэрбээр эхний тойрогт эзэн орны тамирчин Расул Курбанбаевыг 3:1, дараагийнхад Эль Сальвадор улсын Стивен Орельяныг 2:0-ээр буулган авч, хагас шигшээд шалгарсан юм. Алтан медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Антон Шабалинтай хүч сорихдоо 2:1-ээр ялж, дэлхийн аварга боллоо. Тус бүсний ангилалд өрсөлдсөн тамирчдаас -120 кг-ын жинд Дорнод аймгийн “Маршал” академийн Ё.Батбаяр хүрэл медаль хүртжээ. Хар бүсний ангиллын -85 кг-ын жинд “Гаруда” клубийн тамирчин, “Ид шидийн орон II” төвд дасгалжуулагчаар ажилладаг, олон улсын шүүгч Б.Энхтүвшин мөнгөн медаль гардсан байна.