1964, 1968 оны өвөл, зуны олимпын наадамд оролцсон тамирчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг нийслэлийн ерөнхий боловсролын Спортын төв сургуулийн хамт олон, сурагчид, эцэг, эхчүүд хамтран 2014 оноос эхлэн зохион байгуулж, уламжлал болгоод буй билээ. Энэ жил тус арга хэмжээг ес дэх удаагаа зохион байгууллаа. Арга хэмжээнд 1964, 1968 оны өвөл, зуны олимпын наадамд оролцсон Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх, Ардын багш, Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Гавьяат дасгалжуулагч Б.Санжаа нарын 15 ахмад тамирчин оролцлоо. Мөн Спортын төв сургуулийн 46 багш, 250 гаруй сурагч оролцсон юм.
Монгол Улсын тамирчид 1964 онд анх Австрийн Инсбрук хотноо болсон өвлийн олимпынIX наадамд оролцсон юм. Мөн 1964 онд Японы Токио хотод болсон зуны XVIII олимпын наадамд Монголын тамирчид спортын таван төрлөөр анх удаа оролцсон түүхтэй билээ. Тэр үеэс Монгол Улс олимпын “гэр бүл”-д багтаж, өдий хүртэл оролцсоор байна. Ахмад тамирчид энэ үеэр сурагчдын сонирхсон асуултад хариулж, сургаалын үгээ хэлсэн юм.
Мөн Спортын төв сургуулийн тухай товч танилцууллаа. Тус сургуулийг 2009 онд байгуулсан бөгөөд өдгөө 13 дахь хичээлийн жилдээ үйл ажиллагаа явуулж буй. Энэ хугацаанд спортын 10 төрлөөр жил бүр 450-500 гаруй сурагч суралцсан бөгөөд тэд улсын АШТ, тив, дэлхий, олимпын дэвжээнээ хэдийн Монгол орныхоо нэрийг гаргажээ. Тухайлбал, сурагчдын хүртсэн шагнал цом, медалийн тоо өдгөө 10 000 даваад буй юм билээ. Тус сургуулиас ОУХМ 60, спортын мастер 130, спортын дэд мастер цолтон 200 гаруй төрөн гарчээ.