Зүүн Азийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээнийг Тайландын Бангкок хотод энэ сарын 4-13-нд зохион байгууллаа. Тус тэмцээнд 12 орны 180 тамирчин оюунаа сорьж, аваргуудаа тодруулав. Манай улсаас “Их мастер” шатрын академийн дасгалжуулагч Б.Хатанбаатар, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Батболд, их мастер Г.Мөнхгалаар ахлуулсан өсвөрийн тамирчид уг тэмцээнд оролцлоо. Монголын тамирчид уг тэмцээнээс 21 медаль хүртэв. Үүнээс 10 медалийг анцаарчилсан, агийн төрөлд 11 авлаа. Өсвөрийн тамирчдаас стандарт ангилалд хувийн дүнгээр нэг хүүхэд алтан медаль авсан нь Б.Дүүрэнхишиг юм. Тэрбээр 11-12 насны ангилалд өрсөлдсөн. Мөн блиц ангилалд Х.Итгэлт, Б.Амин-Эрдэнэ нар алтан медаль хүртэв. Багийн төрөлд стандарт ангиллаар найман настнуудаас Б.Мичидмаа, З.Төгсжаргал, Ц.Гэрэлт-Оюу нар алтан медаль авсан юм.