Турк улсын Анталья хотод снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ сарын 17-нд өндөрлөх тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлж эрэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Т.Хаш-Очир, спортын мастер Т.Лхагвасүрэн, А.Дэлгэрхүү нар оролцож буй юм. Тэднээс А.Дэлгэрхүү эхэлж, Ирландын тамирчин Грег Кейситэй, Т.Хаш-Очир АНЭУ-ын Исса Али Аль Хашемитой тоглож, хожжээ. Дараагийн шатанд Т.Хаш-Очир Шведийн Чи Вунг, Т.Лхагвасүрэн Австрийн Марио Бодлос, А.Дэлгэрхүү АНЭУ-ын Ахмед Абделкадертай учраа таарсан байна. Түүнчлэн тус улсад мөн снукер биллиардын томоохон хоёр тэмцээн маргааш эхэлнэ. Тухайлбал, мастерс ангиллын ДАШТ-д Б.Энхтүвшин, Н.Баатархүү, А.Алтансүх нар 20 улсын 45 тамирчинтай өрсөлдөх нь. Тэгвэл эмэгтэйчүүдийн ДАШТ-д Б.Нарантуяа, С.Бямбасүрэн, Г.Ган-Орхон нар эх орноо төлөөлж, долоон улсын 17 тамирчинтай өрсөлдөх юм.