Казахстаны Тараз хотод тус улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Динмухамед Кунаевын нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн боллоо. Тус тэмцээнд хүч сорьсон манай тамирчдаас 57 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл, 2017 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт З.Занабазар хүрэл медаль хүртэв. Тэрбээр шигшээ наймд Казахстаны Мейрамбек Картбайд 4:9-өөр дийлдэн, дагах барилдаанд эзэн орны Мерей Базарбаевыг 12:2-оор илүүрхэн, медалийн төлөө нутгийн бөх Б.Мөнх-Эрдэнийг 9:6-аар ялж, шагналын тавцанд зогссон юм. Мөн “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга 65 кг-д түрүүлж, аварга боллоо. Тэрбээр aлтан медалийн төлөөх барилдаанд 23 хүртэлх насныхны ДАШТ-ий хүрэл медальт, Пан-Америкийн хошой аварга АНУ-ын Жозеф Маккенаг 8:2-оор илүүрхэн, уг тэмцээнд аваргаар шалгарсан Монголын тав дахь бөх боллоо. Түүнээс өмнө 2013 онд Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 2014 онд Гавьяат тамирчин Г.Мандахнаран, О.Үйтүмэн, 2019 онд Т.Түвшинтулга нар уг тэмцээнд түрүүлж байв.