Улсын филармони байгуулагдсаны 50 жилийн ойн өдрүүд тохиож байна. Тус байгууллагаас өнөөдөр эрдэм шинжилгээ, онол, практикийн бага хурал зохион байгуулж, “Он цагийн давлагаа” номоо нээх аж. Хөгжим судлал, хөгжмийн урлагийн нийгэм дэх нөлөө, оюуны өмчийн асуудал, үзэгчийн боловсрол, соёлын үйлдвэрлэлийн чиглэлээр МУИС, СУИС, Оюуны өмчийн газрын мэргэжилтэн, судлаач, эрдэмтэд илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм байна. Харин маргааш Соёлын төв өргөөнд “Филармони 50” нэгдсэн тоглолтыг симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, “Баян Монгол” чуулга, гоцлол дуучид гэсэн бүрэл дэхүүнтэйгээр зохион байгуулах аж. Гоцлоочдоос уртын дуучин, Гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар болон “жааз” Н.Наранбаатар, Ц.Хулан, Б.Дэлгэрбаяр, Л.Насанбуян, Д.Дүйнхэржав нар дуулна.
Филармонийн хамт олон 50 жилийн ойгоо угтуулж “Хөгжмийг хүн бүрт” сэдвийн хүрээнд олон нийт, хүүхэд, залуучуудад хандсан цуврал арга хэмжээ зохион байгуулсан. Мөн гадаадад болон эх орондоо аялан тоглосон. Бас шинэ бүтээлийн тоглолт хийж, кино контент бүтээжээ. Улсын филармонийг 1972 онд Соёлын яамны 283 тоот тогтоолоор үүсгэн байгуулсан аж. Тэр цагаас хойш хүрээгээ тэлсээр өдгөө симфони найрал хөгжим, “Баян Монгол” чуулга, Морин хуурын чуулга, гоцлол дуучид гэсэн 150 гаруй уран бүтээлчтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.