ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан брейк бүжгийн тамирчин, дасгалжуулагчдын ур чадварыг ахиулах сургалт долоо хоногийн турш үргэлжилж, оролцогчид өчигдөр сертификатаа гардан авав. Уг сургалтыг Дэлхийн бүжгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, тус холбооны Брейкинг хэлтсийн тэргүүн, Тайвань улсын иргэн Ббой Божин удирдаж явууллаа. Тэрбээр “Парис-2024” олимпын наадмын брейк бүжгийн тэмцээний зохион байгуулалтад ажиллах юм байна. Монголын спорт брейк бүжгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхболд “Сургалтын эхний өдрүүдэд үндсэн суурь бэлтгэл базааж, дунд хэсэгт battle хэрхэн хийх, бие, сэтгэл зүйгээ яаж бэлдэх талаар гүнзгийрүүлсэн хичээл заасан. Сүүлийн өдөр олимпод мөрдөгдөх шүүлтийн системийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Бидний мэдэж, сурах зүйлийг нэг дор заасан, маш үр дүнтэй сургалт болсон” хэмээн өгүүлэв.