Тажикистаны Душанбе хотод холимог тулаан сонирхогчдын өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Азийн АШТ болж, өчигдөр өндөрлөлөө. Тус тэмцээнд Монголоос дасгалжуулагч Г.Дашдаваагийн удирдлагад Б.Отгонбаатар 57 кг-ын жинд оролцож, мөнгөн медаль хүртэв. Тэрбээр Казахстаны Ерсултан Шакенбайтай тулалдаж, аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарсан. Аваргын төлөөх шийдвэрлэх тулаанд тэрбээр шүүгчдийн саналаар өрсөлдөгчдөө ялагдсан юм. Түүний эл шагнал Монголын холимог тулааны түүхэнд тивийн аварга шалгаруулах тэмцээнээс гардсан анхны медаль болов. Тэрбээр үүний дараа Британид зохион байгуулах ДАШТ-д оролцох юм. Б.Отгонбаатар чөлөөт бөхийн өсвөр үеийнхний Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан. Мөн өсвөр үе, залуучуудын УАШТ-д түрүүлж байсан билээ.