Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, Булган аймгийн ЗДТГ хамтран “Ай Ти Эм” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг энэ сарын 28-30-нд “Мишээл экспо” төвд зохион байгуулахаар бэлтгэлээ базаагаад байна. Үүнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг болон ОХУ-ын Буриад, Тува, Халимаг улсын аялал жуулчлалын бизнес эрхлэгч 280 орчим аж ахуйн нэгж, байгууллага оролцож, бүтээгдэхүүнээ санал болгох аж. Мөн үзэсгэлэнгийн түншээр тодорсон Булган аймгийнхан ногоон аялал жуулчлалыг дэмжсэн, байгаль эх дэлхийдээ ээлтэй аялал жуулчлалын жилийн хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, жуулчдыг татах, аятухыг нь хангах, орон нутгийн иргэдийн эдийн засагт дэм болоход анхаарч ажиллаж байгаа юм. “Шинэ сэргэлт-Аялал жуулчлал” уриан дор болох олон улсын үзэсгэлэнгийн хүрээнд өчигдөр зочлох үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан бол өнөөдөр Туркийн аяллын компаниудын бизнес уулзалт, 28-30-нд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, сургалт хамтын ажиллагааг танилцуулах арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.