Монголын киноны зах зээлд өнөөдрийн байдлаар үзэгчдийн тоогоор тэргүүлсэн 10 монгол киног“Өргөө” кинотеатраас нэрлэжээ. Эл жагсаалтыг “Фантастик” продакшны “Маш нууц: Байтаг богд” кино тэргүүлж, мөн тус хамт олны “Зура 2: Цурам ажиллагаа” удаалжээ. Жагсаалтыг тэргүүлсэн “Маш нууц: Байтаг богд” киног “Жийж”, “Фантастик” продакшн, “Рэд пойнт” студи хамтран 2018 онд үзэгчдийн хүртээл болгосон юм. Эл кинонд 1948 оны долдугаар сарын 8-нд болсон Байтаг богд уулын Бүдүүн харгайт голын хавцлын аман дахь тулгаралтын талаар өгүүлсэн бөгөөд Дамжигийн сумангийн улс төрийн орлогч Г.Хаянхярваагаар ахлуулсан Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж, Н.Дандархайдав, Э.Архад, Т.Баян, Л.Гончигзэвгэ, Д.Чойжин, Ч.Пэлжээнарын бүрэлдэхүүнтэй баатарлаг хилчдийн түүхийг харуулдаг билээ. Харин гуравдугаар байрт “Х ТҮЦ” продакшны, Хятадын зохиолч Ван Хэнжигийн “Солиот эх” өгүүллэгээс сэдэвлэсэн, ижил нэртэй кино шалгарсан байна. Мөн тус жагсаалтад “Фантастик” продакшны “Зүрхний хилэн”, U фильмийн “Single ladies-2, 3, 4”, F студийн “Өндгөн толгойт”, “Милл” кино компанийн “Приусийн босс”, “Хувьсал” продакшны “Ноён эмэгтэй” багтжээ.
Бэлтгэсэн А.Хангал