Монголын урчуудын эвлэлийн дэргэдэх “B contemporary” арт галерейд “Алтан намар-2022” судалбар зургийн үзэсгэлэн нээлээ. Тав дахь удаагаа зохион байгуулж буй уг үзэсгэлэнд Ардын зураач Г.Дунбүрээ, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Нарангэрэл, Монголын урчуудын эвлэлийн шагналт С.Төгс-Оюун нарын ахмад болон дунд, залуу үеийн төлөөлөл болсон 54 уран бүтээлчийн 90 гаруй зургийг дэлгэжээ. Эдгээрээс шилдэг гурван судалбар шалгаруулахад Ч.Болорын “Хэрмэн цав”, Д.Булгантуяагийн “Өвгөн Жаргалант”, Х.Ганбатын “Хөрөг” бүтээл тэргүүлжээ. “Алтан намар 2022” судалбар зургийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн нь хүүхэд, залууст судалбар зургийн онцлогийг сурталчлан таниулах, залуу уран бүтээлчдийн ур чадварыг сайжруулах, ахмад үеэсээ суралцах боломж бүрдүүлэх зорилготой. Цаашлаад судалбар зургийг хөгжүүлэх ач холбогдолтой юм байна.
Бэлтгэсэн Р.Жаргал