Европын Холбоо болон Австралийн ЭСЯ-ны санхүүжилтээр “Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус” хөтөлбөр хэрэгжүүлдэг “Монгол экологийн төв” төрийн бус байгууллага ирэх сард Байгаль ээлтэй залуусын чуулган зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнд нийслэл болон 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамруулах бөгөөд байгаль орчин, тогтвортой хөгжлийн талаар ойлголт, мэдлэг олгох аж. Байгаль орчин хамгаалахад залуусын оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшний байгууллага, албан тушаалтнуудад тэдний дуу хоолойг хүргэх нь уг чуулганы гол зорилго юм байна. Сурагчид энэ арга хэмжээнд оролцсоноор үе тэнгийнхэнтэйгээ танилцаж хүрээллээ тэлэх, орон нутагт тулгамдаж буй экологийн асуудлуудыг олон нийтийн анхаарлын төвд хүргэх боломжтой.
“Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус” төсөл нь 15-22 насны залуучуудын хувь хүний хөгжил, ур чадварыг дэмжих замаар тэднийг нийгэмд оролцоотой, хариуцлагатай, байгаль ээлтэй хүн болгож төлөвшүүлэхэд чиглэдэг гэнэ.