Гарааны бизнесүүдийг дэмжих, залуучуудыг ажиллах таатай орчноор хангах зорилготой “Hub innovation center” дундын оффис, бизнес инкубатор төвийг 2018 онд байгуулсан. Гэсэн ч цар тахлын улмаас уг төв сүүлийн хоёр жил үйл ажиллагаа явуулаагүй аж. Залуус, гарааны бизнесийг дэмжих зорилготойгоор тус төвийн үйл ажиллагааг сэргээх бөгөөд нээлтийн арга хэмжээг энэ сарын 24-28-нд зохион байгуулахаар төлөвлөснийг нийслэлийн Бизнес, инновац, хөгжлийн газраас мэдээлэв. “Innovation community week” нэртэй нээлтийн арга хэмжээнд дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа таниулсан, инновац, технологи болон бусад шийдлийг нэвтрүүлж буй гарааны компаниуд, салбар бүрийн төлөөлөл болсон 1000 гаруй залуус оролцож, туршлагаасаа хуваалцах нь. Мөн гарааны компаниудын инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэн дэлгэх аж. Түүнчлэн хотын тулгамдаж буй асуудлыг блокчейнээр шийдвэрлэх, иргэдийн амьдралд эергээр нөлөөлөх, ухаалаг дэд бүтэц бий болгох зорилготой хакатон тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Бэлтгэсэн М.Оч