Чойжин ламын сүм музей, Соёлын өвийн үндэсний төв хамтарч цуур хөгжмийг таниулах арга хэмжээг “Өв эрдэнэ” театрт зохион байгууллаа. Засгийн газар, Соёлын яамнаас ЮНЕСКО-д бүртгэлтэй соёлын биет бус өвийг музейнүүдээр дамжуулж олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх нь зүйтэй гэсэн чиглэл өгсний дагуу тус хоёр байгууллага ийнхүү хамтарчээ. Үүдээ нээгээд удаагүй, цомхон, тухлаг “Өв эрдэнэ” театрын хойморт идээ ундаа дэлгэсэн байх агаад цуур хөгжмийг өвлөн уламжлагч Н.Амартүвшин “Сариг цагаан ингэний явдал” аялгууг цуурдаж арга хэмжээний хөшгийг татав. Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн арга хэмжээг нээж үг хэлэхдээ цуур нь дэлхийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын өвийн жагсаалтад байдаг, энэхүү уламжлалт урлагийг олон нийтэд түгээх үүднээс цуурын тухай өргөн мэдээлэл багтаасан контент бэлтгэсэн тухай ярьсан. “Өв эрдэнэ” театрын тайз нь үзэгчид дундаа шахам байдгаараа давуу талтай. Энэ удаа ч гэсэн тайз буюу хойморт цуур судлаач, доктор М.Ганболд, Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн батламжит туульч, соёл судлаач, доктор, Э.Баатаржав, шилдэг өвлөн уламжлагч, цуур, соёл судлаач Б.Наранбат нарыг залж, үзэгч, зочдод цуур хэмээх уламжлалт урлагийн тухай дэлгэрэнгүй танилцуулсан юм. Соёлын гавьяат зүтгэлтэн Э.Баатаржав “Энэ урлагийг Ховд аймгийн Дуут сумынхан өвөг дээдсээсээ өвлөн уламжилж өдий хүрсэн. Би дэлхийн 80- аад оронд энэ урлагаа таниулсан. Хамгийн сүүлд Доминикан улсад олон улсын хуралд илтгэл тавилаа. Манай улсын өвлөн тээгчид гурван нүхтэй цуураар хангай дэлхий, уул усаа аргадан, шивнэн тоглодгоор ялгардаг. Үнэ цэн нь үүнд байдаг. Бусад улсын цуурчид тоглох боломжийг нэмэх үүднээс нүхийг нь олон болгосон байдаг нь язгуур чанаргүй, бараг сонгодог хөгжим шиг болчихсон байх нь бий. Тэгэхээр бид өөрсдийн цуураа энэ хэвээр нь уламжлуулан өвлүүлэх учиртай” гэлээ.