Монголын хөлбөмбөгийн холбооны мэргэжлийн болон мэргэшсэн хүний нөөц бэлдэх зорилгын хүрээнд тоглолт зохион байгуулагчийн анхдугаар сургалтыг футзалын тэмцээний улирал эхэлж байгаатай холбогдуулж онол, практик хосолсон хэлбэрээр явуулав. Сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд онолын шалгалтад тэнцсэн тохиолдолд дараагийн тэмцээнд ажиллах боломжтой. Энэ үеэр мөн тамирчдад бэлтгэл, тэмцээний үед түгээмэл тохиолддог гэмтлээс урьдчилан сэргийлэх, түргэн тусламжийн автомашины тоног төхөөрөмжийг ашиглах сургалт боллоо. Хөлбөмбөгийн дээд болон I, II, эмэгтэйчүүдийн, футзалын дээд лигийн клубүүдийн эмч, тамирчид оролцсон уг сургалтыг үндэсний шигшээ багийн эмч Г.Мөнхзул, Монголын хөлбөмбөгийн холбооны эмч Э.Отгонжаргал, Яаралтай түргэн тусламжийн, хөгжлийн төвийн сургагч багш Б.Тэгшжаргал нар удирдан явуулжээ. Жил бүр хийх цуврал сургалтын гурав дахь хэсгийг ирэх сард зохион байгуулна.