Спортын мастер Х.Равдандоржийн нэрэмжит “Дурсамж гүйлт-2022”, “Дээлтэй монгол гүйгч-2022” тэмцээн энэ сарын 22-нд болно. 2017 онд Отгонтэнгэр хайрханд осолдсон 17 уулчныг дурсан хүндэтгэж, гүйлтийн спортыг олон нийт, тэр дундаа хүүхэд, залууст сурталчлан таниулах нь “Дурсамж гүйлт-2022”-ын зорилго аж. “Дээлтэй монгол гүйгч-2022”-ын тухайд үндэсний хувцсаа сурталчилж, өв соёлоо олон нийтэд таниулахад чиглэжээ. Тэмцээнд хөнгөн атлетикийн спортыг сонирхогч хүн бүр оролцох боломжтой. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох “Дурсамж гүйлт-2022” тэмцээнд оролцогчид эрэгтэй, эмэгтэйчүүдийн, 18-40, 40-өөс дээш насныхан гэсэн ангилалд хуваагдан, гурав, 10, 17 км-ийн зайд уралдана. “Дээлтэй монгол гүйгч-2022”-т 30-аас дээш насныхан хамрагдах бөгөөд 400 м зайд уралдах аж. Дээр дурдсан төрөл тус бүрт эхний гурван байрыг шалгаруулж, урамшуулах гэнэ.