Говь-Алтай аймгийн Тонхил сум дахь, уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубийн тамирчин, 12 дугаар ангийн сурагч Н.Сэлэнгэ Дэлхийн цомын АШТ-д оролцохоор Японы Мориока хотыг зорьжээ. Тэрбээр дасгалжуулагч Х.Нямдоогийн удирдлагад уг тэмцээнд өрсөлдөх юм. Н.Сэлэнгэ насанд хүрэгчдийн ангилалд эх орноо төлөөлж оролцох бөгөөд тив, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх нь. Дэлхийн цомд оролцох тамирчдыг сонгох сорилго тэмцээнийг энэ сард зохион байгуулахад Н.Сэлэнгэ түрүүлж, тус улсыг зорих эрх авчээ. Тэрбээр өнгөрсөн зун хүндийг өргөлтийн дасгалжуулагч, Гавьяат Ц.Хосбаяр багшийн удирдлагад хүчний бэлтгэл базаасан байна. “Парис 2024” олимпын наадмын спорт авиралтын шинэчилсэн дүрмээр зохион байгуулах тус тэмцээнд тамирчид техник болон боулдерингийн төрөлд өрсөлдөх бөгөөд эдгээрийн нийлбэр дүнгээр амжилтаа тооцуулна.