“Noise” арт медиа, Монголын урлагийн зөвлөл, “Улаан гэр” галерей хамтран “Noise of Mongolia” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэх гэж байна. Нойс (noise) нь гэрэл зургийг илүү өгүүлэмжтэй, амьтай болгодог техникийн нэгэн хэрэгсэл юм. Үүнтэй адилаар гэрэл зурагт амь оруулах, өгүүлэмж нэмэх зорилгоор “Noise” арт медиагийн таван гэрэл зурагчин эл үзэсгэлэнд нэгдэх аж. Амьдрал амттай, бас амтгүй. Жаргал, зовлон, сайн, муу, эсрэг тэсрэг нэгнээ хүчирхэгжүүлдэг шиг үзэсгэлэнд хувь уран бүтээлчийн бүтээлийг онцолж үзүүлэх, ямар нэг сэдэв, төрөлд баригдахгүйгээр гэрэл зургуудыг сонгожээ. Зохион байгуулагчид нь “Баримтат гэрэл зураг суурьтай залуусын сэтгэлгээнд орчин үеийн чиг хандлага нэмэгдсэнээр танд ямар нэг мэдрэмж өгөх болов уу. Гэрэл зурагт хэлбэр хэмжээ, дүрслэл, өнгө будаг, хачир зүүлт хэдий нэмэгдсэн ч мөн чанар нь алдагдаагүй цаашдаа ч алдагдахгүй. Өгүүлэмжтэй сайн гэрэл зураг руу бүгд л явсаар байх болно” гэсэн юм. “Noise of Mongolia” үзэсгэлэн энэ сарын 21-нээс ирэх сарын 7 хүртэл “Улаан гэр”-т үргэлжилнэ.
Бэлтгэсэн А.Тайшир