Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Зэрлэг амьтдыг хамгаалах Монгол ирвэс нийгэмлэг аравдугаар сарын 23-нд тохиодог “Цоохор ирвэс” хамгаалах олон улсын өдрийг угтан Говь-Алтай, Увс аймгийн сумдад үзэсгэлэн гаргаж байна. Цоохор ирвэсийн амьдрал, зан төрхийн онцлогийг илэрхийлсэн 50 орчим бүтээлээс бүрдэх “Уулын эзэн” үзэсгэлэнг өнгөрсөн хавар Ховд аймгийн 13 сумд дэлгэж, 7000 гаруй сурагчид үзүүлсэн бол энэ удаа есөн сумын багачуудад танилцуулахаар төлөвлөжээ. Үзэсгэлэнг өчигдөр Увс аймгийн Тариалан сумд нээсэн. Харин өнөөдөр Түргэн, маргааш Сагил, түүний дараагийн өдрүүдэд Бөхмөрөн, Ховд сумынханд толилуулах нь. Говь-Алтай аймаг дахь арга хэмжээ энэ сарын 24-нд Дарвиас эхэлж, Баян-Уул, Жаргалан, Шарга сумд үргэлжлэх юм байна. Үзэсгэлэнгийн үеэр орон нутгийн иргэдэд “Ирвэсийн амьдрал” баримтат киног үнэ төлбөргүй үзүүлж буй аж.