СЭЗИС-ийнхан Дэлхийн ёс зүйн өдрийг тэмдэглэв. Сургуулийн орчинд өдөр тутмын харилцаанд соёлтой оролцох дадал хэвшүүлж, цаашид уламжлал болгон, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор бүх алба, нэгж, холбоо, клуб, сайн дурын оюутан, багш, ажилтны оролцоотойгоор уг үйл ажиллагааг зохион байгуулжээ. Үүний хүрээнд Дэлхийн ёс зүйн өдрийн тухай ойлголтоо нэгтгэх, хамт олны жигд оролцоог хангах, асуудлыг хамтдаа шийдвэрлэх соёлыг бэхжүүлэх, ёс зүйн кодексыг мөрдүүлж хэвшүүлэх, эко орчин бүрдүүлэх зорилтууд хэрэгжүүлжээ. Тухайлбал, зөв хандлага төлөвшүүлэх зорилгоор бакалаврын хөтөлбөрийн оюутнуудын дунд “Зөв цэнэг”, “Яг цагтаа” аян өрнүүлсэн байна. Мөн ахисан түвшний сургуулийн багш, оюутнуудын дунд “Цахим ертөнц дэх мэргэжлийн болон академик ёс зүй”, “Ёс суртахуунтай шийдвэр гаргах, манлайлах” хэлэлцүүлэг, цагийн хөтөлбөрийн оюутнуудын дунд “Эрүүл орчин-Тамхины хяналтын тухай” нээлттэй хэлэлцүүлэг, зөв хандлагыг уриалсан уралдаан, бизнесийн ёс зүйн мэтгэлцээн зохион байгуулсан аж. Энэ үйл ажиллагаагаа нийтэд түгээх зорилгоор мэдээллийн цахим хуудас нээн, хөгжүүлжээ. Эдгээр үйл ажиллагааны үр дүнд дараа жилийн тэмдэглэлт өдөр хүртэл сургалт, судалгаа, ажлын орчиндоо ёс суртахуунлаг байх хэвшлийг төлөвшүүлэх гэнэ. Мөн ёс суртахууныг зөвхөн тэмдэглэлт өдрийн хүрээнд бус, өдөр тутамдаа мөрдлөг, хэвшил болгон, туршлага хуримтлуулж ажиллахаар болжээ.
Бэлтгэсэн Ж.Гэрэл