САЯТНУУД
Лигийн нүүр царай болсон зарим тоглогч багтайгаа гэрээгээ сунгаж, 200 сая ам.доллар давсан үнэтэй гэрээ байгуулав. Тэд бол Н.Йокич (таван жил, 272 сая), Б.Бийл (таван жил, 251 сая), К.Энтони-Таунс (дөрвөн жил, 224 сая), Д.Бүүкер (дөрвөн жил, 224 сая), З.Лавин (таван жил, 215 сая) нар юм. Мөн Л.Жэймс (Лейкерс) хоёр жилийн 97 сая ам.долларын гэрээ байгуулснаар тамирчны замналдаа 500 саяын цалин авч, 40 нас хүртлээ NBA-д тоглох нь тодорхой болов. “Портлэнд”-ийн Д.Лиллард дахин хоёр жилийн гэрээ 121 саяын дүнтэй байгуулсан агаад сүүлийн жилдээ буюу 2026-2027 онд 63 сая долларын цалин авна. Өөр нэг онцлох тоглогч бол Ж.Харден. Тэрбээр багийнхаа төлөө өөрийгөө “золиосолж”, 14 сая ам.долларын “хасалт” хийлгэснээр хоёр жилийн 68 саяын гэрээнд гарын үсэг зуржээ. Ийнхүү тэрбээр 2023 онд чөлөөт агентын зах зээлд эргэн ирэх боломжтой болов.
Ахмадуудаас гадна залуус ч өндөр дүнтэй гэрээ байгуулж, авьяас, хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртлээ. Тухайлбал, З.Уильямсон (таван жил, 194 сая), Ж.Морант (таван жил, 194 сая), Д.Гарланд (таван жил, 194 сая), Т.Херро (дөрвөн жил, 120 сая), А.Саймонс (дөрвөн жил, 100 сая), Ж.Пүүл (дөрвөн жил, 123 сая), Ж.Брансон (дөрвөн жил, 104 сая), Д.Эйтон (дөрвөн жил, 133 сая) нар зуун сая давсан гэрээний эзэд болсон юм.
ГОЛ НАЙМАА
“Миннесота” баг драфтын эхний тойргийн дөрвөн эрх, дөрвөн тоглогчоо “Юта”-д өгч, улирлын “Шилдэг хамгаалан тоглогч”-оор гурвантаа шалгарсан Р.Гоберийг авлаа. Түүний төлөө төлсөн үнэ нь ойрын хугацаанд од тоглогчийг авах наймаанд шинэ босго тогтоосон байж магадгүй нь. Түүний багийн анд Д.Митчелл хэсэг хугацаанд “Никс”- тэй холбогдсоны эцэст “Дорнод” бүсийн өөр нэг баг “Кливлэнд”-д ирлээ. Түүнийг драфтын эхний тойргийн гурван эрх, гурван тоглогчоор сольж авсан юм.Багийн залуу од Т.Янгийн хамтрагч болгохоор “Атланта” нөгөө бүсийн бас нэг ирээдүйтэй, авьяаслаг тоглогч Д.Маррэйг авлаа. Ингэснээр “харцагууд” ирэх улиралд ихийг дуулгаж мэдэхээр болов.
“БОССУУД”-ЫН СОЛИЛЦОО
Тоглогчдоос гадна зарим дасгалжуулагч буурь сэлгэж, өнгөрсөн зуныг завгүй өнгөрүүллээ. Сүүлийн жилүүдэд хэд хэдэн багийн ерөнхий дасгалжуулагч болох нэр дэвшигдийн тоонд орсоор ирсэн Д.Хам “Бакс”-ыг орхиж, “Лейкерс”- тэй дөрвөн жилийн гэрээ байгуулав. Харин хоёрхон жилийн өмнө тус багийг аварга болгож байсан Ф.Вогель ажлаа орхисон юм. “Уорриорз” багт туслахаар зургаан жил ажилласан М.Браун дөрөв дэх удаагаа баг толгойлохоор болж, “Сакраменто”-д ирлээ. Бүтээн байгуулалтыг бүрэн утгаар нь хийж буй “Юта” шинэ дасгалжуулагчтай болж, 34 настай У.Хардитай дөрвөн жилийн гэрээ байгуулав. Тус багийг найман жилийн турш амжилттай удирдсан К.Снайдер харин өдгөө сагсан бөмбөгийн зах зээлд хамгийн эрэлттэй дасгалжуулагч болоод байна.
Бэлтгэсэн Н.Энх