2022 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр Францын шигшээ болон Испанийн “Реал” (Мадрид) багийн довтлогч К.Бензема тодорлоо. Францын домогт хөлбөмбөгч Т.Анри түүний тухай “Роналду, Мессигийн хөгжөөн дэмжигчдээр дүүрэн дэлхийд би 15 жилийн турш Бенземагийн фэн байж ирлээ. Хүмүүс намайг шоолж инээдэг юм. Гэсэн ч түүнийг нэг л өдөр “Алтан бөмбөг” авна гэж би хэлдэг байв. Баатар бүрт өөрийн гэсэн цаг үе гэж бий. Хичээхээ хэзээ ч бүү зогсоорой, яг л Карим шиг” гэж өгүүлсэн юм.
“Алтан бөмбөг”-ийг өмнө нь жилээр олгож байсан. Харин энэ жилээс эхэлж, улирлын дүнгээр шилдгийг тодруулдаг болсон юм. Франц тоглогчийг дэлхийн шилдгээр тодорно гэдэгт эргэлзэх хүн бараг байгаагүй агаад үүнийг түүний гаргуун амжилтууд ч нотолно.
К.БЕНЗЕМАГИЙН АМЖИЛТ
(2021-2022 оны улирал)
- “Аваргуудын лиг”-т тав дахь удаагаа түрүүлсэн
- “Аваргуудын лиг”-ийн мэргэн бууч (12 тоглолтод 15 гоол)
- Испанийн аваргаар дөрөв дэхээ тодорсон
- Ла Лигийн мэргэн бууч (27 гоол)
Ийнхүү тэрбээр анх удаа “Алтан бөмбөг”-ийн эзнээр тодорлоо. Тэрбээр эл шагналын санал асуулгад өмнө нь дөрөвдүгээр байрт (2021) шалгарч байсан юм. Ташрамд дурдахад, К.Бензема бол энэ нэр хүндтэй шагналын эзнээр тодорч байгаа тав дахь франц тоглогч юм. 1958 онд Р.Копа, 1983-1985 онд М.Платини, 1991 онд Ж.П.Папен, 1998 онд З.Зидан шилдгээр тодорч байсан. “Алтан бөмбөг” 24 жилийн дараа тус шагналыг санаачлагчдын эх нутагт ийнхүү эргэн ирлээ.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар