Урлагийн сэтгэл заслын чиглэлээр хүүхдүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх залуу мэргэжилтнүүдийг чадавхжуулах “Бид ирээдүйн сэтгэлзүйчид” төслийг Кристина Ноблийн Хүүхдийн сангаас Австралийн Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхэлжээ. Сэтгэлзүйч мэргэжлээр их, дээд сургуулийн 3-4 дүгээр курст суралцаж буй оюутнуудыг үүнд хамруулж байна. Тодруулбал, МУИС, МУБИС, “Отгонтэнгэр” зэрэг улсын болон хувийн хэвшлийн найман сургуулиас 50 оюутныг сонгон шалгаруулжээ. Сонгогдсон оюутнууд гурван сарын хугацаанд Кристина Ноблийн Хүүхдийн сангаас явуулах урлагийн сэтгэл заслын арга зүйн мэдлэг, чадвар олгох онолын болон практикийн сургалтад хамрагдах нь. Үүний дараа таван хүнтэй баг бүрдүүлэн, 4-5 настай хүүхдүүдэд зориулсан сургалтын хөтөлбөрийг өөрсдөө боловсруулах гэнэ. Уг хөтөлбөрөө цэцэрлэг, асрамж, халамжийн төвүүдэд нэг сарын хугацаанд хэрэгжүүлэн, дадлага хийх аж. Ингэснээр тэд 1000 гаруй хүүхдэд хүрч ажиллана гэж төслийн багийнхан тооцжээ. Төслийг ирэх оны зургадугаар сарын 30 хүртэл хэрэгжүүлэх юм байна.