Улсын хэмжээнд 819 сургууль, цэцэрлэг, дотуур байр нүхэн жорлонтой буюу орчин үеийн ариун цэврийн байгууламжгүй гэсэн тоог холбогдох албаныхан гаргасан байдаг. Үүнийг олон хүн шүүмжилж, хүүхдүүд суурь өвчтэй болох, халдварт өвчинд өртөх, улмаар нүхэн жорлонд унах эрсдэлтэйг анхааруулж байсан билээ. Тиймээс орон нутаг дахь цэцэрлэг, сургууль, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төслийг өнгөрсөн оноос эхлүүлжээ. Үүний хүрээнд одоогоор таван аймгийн 11 сумын 24 сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг “халж”, орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгосон гэнэ. Түүнчлэн энэ сард багтаан 11 аймгийн 36 сумын 110 цэцэрлэг, сургууль, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэв. Тодруулбал, ариун цэврийн байгууламжийн ажлыг гүйцэтгэж дууссан бөгөөд Улсын комисст хүлээлгэн өгөх дутуу аж. “Эрдэнэт үйлдвэр”-ийн санхүүжилтээр БШУЯ, БХБЯ, БОАЖЯ хамтран уг төслийг хэрэгжүүлж буй.
Бэлтгэсэн М.Оч