Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт кино найруулагч Б.Балжиннямын мэндэлсний 80, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны 30 жилийн ой энэ онд тохиож буй. Эл давхар тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд энэ сарын 21-24-нд цуврал арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, 21-нд “Монгол” арт галерейд “Мөнх тэнгэрийн хүчин дор” ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал, кино найруулагч, зураглаач Б.Балжиннямын амьдрал, уран бүтээлийн “Гэрэлтье гэвэл шатах…” гэрэл зургийн үзэсгэлэнтэй. Мөн Төрийн шагналт зураач Б.Пүрэвсүх болон киноны зураачдын “Түүхэн киноны уран зураач” уран бүтээлийн үзэсгэлэн, Б.Балжинням агсны “Холын зэрэглээн дунд” номын хоёр дахь хэвлэлтийн нээлт болно. Энэ сарын 22-23-нд дээрх үзэсгэлэнгүүд үргэлжлэхээс гадна КУДС, СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, “Зохиомж” дээд сургуулийн оюутнууд, кино судлаач, сонирхогчдыг хамруулсан кино үзвэр, уулзалт ярилцлага хийнэ. Түүнчлэн энэ сарын 24 хүртэл Б.Балжиннямын кино долоо хоногоор аялуулах бөгөөд МҮОНТ-ээр “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны бүх анги, “Гарын таван хуруу”, “Говийн зэрэглээ” зэрэг киног үзэгчдэд хүргэх нь. Мөн ирэх арваннэгдүгээр сарын 26-наас арванхоёрдугаар 2-нд ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улсын Якутск, Буриадын Эрхүү хотод Монголын кино урлагийн өдрүүд зохион байгуулж, “Мандухай сэцэн хатан”, “Гарын таван хуруу”, “Тан руу нүүж явна”, “Сүүдэр” зэрэг бүтээлийг толилуулах аж.
Бэлтгэсэн А.Хангай