XIX зуунд Төв Азиас үүдэн бий болж “Том тоглолт” хэмээн нэршсэн Орос, Английн сөргөлдөөн нь удаан үргэлжлэх, гүнзгий бус зөрчилдөөний эхлэл байв. Дэлхийн I, II дайнаар ойртсон нь аргагүйн эрхэнд түр зуурын хугацаанд хийсэн үйлдэл байсан бөгөөд Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль дараагийн хүйтэн дайн эхэлснийг 1946 онд зарласан билээ.
Михаил Горбачёв, II Элизабета нар өөд болсноор нөгөө “том тоглолт” өнөө цагт ямар хэлбэртэй болж, дэлхий дахинд хэрхэн нөлөөлж буйг бидэнд санууллаа. ЗСБНХУ тарж бутарсанд буруутай гэх хэдийн замхарсан маргааныг ч Михаил Горбачёвын үхэл дахин сэргээв. Тухайн үед олон янзын таамаглал байсан төдийгүй тэдгээрийг сэдэгчдийн зарим нь ЗХУКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргыг америкчуудын талд элсэж, дайсны тагнуулаар ажилласан гэж хүртэл шивнэлддэг байв. АНУ, ЗХУ-ын эрс ширүүн сөргөлдөөнийг намжаах нь түүний нэг зорилго байсан, энэ зорилгоо тэрбээр ёстой гялалзтал биелүүлсэн гэцгээнэ.
ЗСБНХУ-ын анхны бөгөөд сүүлчийн Ерөнхийлөгч нэг жилийн өмнө том өгүүлэл бичиж, өөрийн гаргасан шийдвэрүүдийг тайлбарлаж, гаргасан зарим алдаагаа ч хүлээн зөвшөөрөв. Харин улс орноо тарж бутрахад хүргэсэн, хамгийн гол нь гэж үзсээр ирсэн тэр алдааныхаа талаар юм хэлээгүй билээ. Оросын нийтлэлч Павел Шипилин “Олон хүнээс ялгаатай нь би Горбачёвт тэгтлээ саймширч ханддаггүй байсан. Түүнийг Өрнөдийн тусгай албаны тагнуул ч гэж үздэггүй, ард түмнийхээ дайсан ч гэж боддоггүй. Тэрбээр алмай гэмээр өнгөц бодолтой, чөмгөө хүртэл эвлэрэнгүй үзэлтэй хүн шиг санагддаг. 300 сая хүн амтай их гүрнийг тэргүүлж буй хүн алмай хийгээд итгэмтгий байж яагаад ч болохгүй. “Хүмүүс өөрчлөлт хийхийг шаардаж байна. Удирдагчид ч, жирийн иргэд ч бүгдээрээ улс оронд маань ямар нэг юм болохгүй байгааг арьс, махаараа мэдэрч байна. Улс орон минь зогсонги байдалд гүнзгий шигджээ. Үнэн хэрэг дээрээ эдийн засгийн өсөлт зогссон. Оюун, соёлын амьдрал үзэл суртлын ягшмал номлолд базуулчихаад байна. Хүнд суртлын машин нийгмийн амьдралд өргөн цартай хяналт тогтоохоор тэмүүлсэн ч хүмүүсийн наад захын хэрэглээг хангаж чадсангүй. Нийгмийн байдал түргэн хурцдаж, сэтгэл ханамжгүй байдал нийтийг хамрав. “Цаашдаа ингэж аж төрж болохгүй” гэж хүмүүсийн олонх нь үзэж байлаа. Энэ үг миний толгойд бий болоогүй, бүх хүний амнаас гарах болсон” гэж тэрбээр бичиж байв. Түүний хэлсэнтэй санал нийлэхгүй байхад төвөгтэй. Урьдын удирдагчидтай жишвэл харьцангуй залуу удирдагчаас олон түмэн ил тод байдал, өөрчлөн байгуулалтыг бус, цалинг жаахан ч гэлээ нэмчихийг л хүсэж, хүлээж байлаа. 1985 онд Горбачёвын хийсэн эрс өөрчлөлтийг бид мөрөөдөж ч байсангүй. Бүх юм маш түргэн болж өнгөрсөн. Үүнд л Горбачёвын гол алдаа байсан юм. Өнгөрснийг өнөөдөр эргэж хараад Улс төрийн товчооны гишүүд Егор Лигачёв, Дээд зөвлөлийн дарга Анатолий Лукъянов, Батлан хамгаалахын сайд Дмитрий Язов, Улсыг аюулаас хамгаалах хорооны дарга Владимир Крючков болон бусад хүнийг хуучинсаг, түүгээр ч барахгүй урвагч хэмээн ЗСБНХУ-ын анхны Ерөнхийлөгч буруутгаж байсныг би тийм ч зөв гэж үзэхгүй байна. Харин ч Михаил Горбачёвт эрүүл консерватив үзэл дутагдсан юм. “1990-ээд онд Орост түгээмэл болоод байсан радикал, хариуцлагагүй байдал ямар уршиг тарьж болохыг би урьдчилан сануулж байсан. Энэ болгоомжлол зөв байсан нь нотлогдсон. Хохирол эдийн засагт төдийгүй ардчилсан тогтолцоонд ч учирсан” гэж ЗХУ-ын Ерөнхийлөгч агсан өгүүлэлдээ бичжээ. Горбачёв “Хариуцлагагүй, “Формула-1”-ийн эрс огцом тамирчин шиг урагшаа ухасхийж, улс орноо төрийн удирдлага, төлөвлөлтийн хөшүүн болхи механизмтай нь, үндэстэн хоорондын уялдаа зохицолдоо муутай харилцаатай нь хамт араасаа чирсэн. Тэгсэн хэрнээ өөрөө хурдаа маш удаан авдаг 15 вагон чирсэн галт тэргэнд сууж байв. Энэ вагонууд нь огцом хөдөлгөөнд тэсэлгүй гацаж, БНУ-ууд нь зоргоороо хөвөх болсон. Тэрбээр хэрэв төрт улсаа хадгалж хамгаалж үлдэх, иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхийг боддог ухаалаг удирдагч байсан бол амьсгал хураатлаа Кремльд сууж, өөрчлөгдөн шинэчлэгдсэн ЗХУ, социалист лагерийг удирдах байсан. Н.С.Хрущевээс хойших манай ерөнхий нарийн бичгийн дарга нарын хэн нь ч улиран сонгогдолгүй суудлаа орхисон юм шүү дээ. Тэгэхээр Горбачёвт цаг хугацаа байсан” гэж бичсэн байна.
...Нэг хэлээр ярьдаг, эсвэл нэг шашин шүтдэг үндэстэн юм уу, ард түмнүүд нэгдэн нийлэх гэж эрмэлздэгийг ойлгоход хэцүү биш. Харин “Ах, дүү орон”-уудын нэгдэл нь яваандаа бүх дэлхийд нөлөөлөх гэсэн аюултай зорилгыг тунхагладаг. 1946 онд Уинстон Черчилль Англосаксоны ертөнц гэгчийг бий болгохоор сэдэн Фултонд хэлсэн алдартай үгийг эргэн саная. “Англи хэлт ертөнцийн хамтын өвийг илэрхийлсэн хүний эрх, эрх чөлөөний аугаа зарчмыг бид цөхрөлтгүй, аймшиггүйгээр тунхаглах ёстой” гэж Британийн Ерөнхий сайд тэгэхэд Вестминстерийн коллежийн оюутнуудад хэлсэн байдаг. Энэ үзлийг өдөөн АНУ зургаан жилийн дараа Англосаксоны соёл иргэншлийг Солонгост аваачсан юм. Цааш нь Вьетнам, Куба, Гренада, Панам, Ирак, Афганистанд довтлон орж, Югослав, Ливи, Сирийг бөмбөгдөж, Гватемал, Чилид төрийн эргэлт зохион байгуулсан. Англосаксоны ертөнцийнхөө үнэт зүйлийг ийн зөөвөрлөх нь манай гаргийн өнцөг булан бүрт ямагт хохирол учруулж ирсэн юм.
1952 онд хаан ширээнд суусан анхны өдрөөсөө II Элизабетагийн тавьсан зорилго Горбачёвын өөрчлөн байгуулалтаас эрс өөр, төрийн гол тулгуур болсон хаант засгийг хөндөх ноцтой өөрчлөлт хийхгүй байх. Энэ зорилгоо хатан хаан нэр төртэй биелүүлсэн. Өнөөгийн III Карл (хунтайж Чарльз)-ын албатууд улс орноо ардчилсан гэдэгт огтхон ч эргэлздэггүй. 1989 онд эрхэм дээдэс хатан хаантай нүүр тулж уулзах завшаан Михаил Горбачёвт тохиож, II Элизабета түүнийг Виндзорын шилтгээнээр дагуулан аялуулсан гэдэг. Энэ бол тухайн үеийн ЗХУКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргын Британид хийсэн гол уулзалт байв. Тэр цагт Англи улсыг Маргарет Тэтчер удирдаж байгаа гэж бид үздэг байсан болохоор уг айлчлалыг хатан хаанд биш, төмөр хатагтайд зориулан хийж байгаа гэж бодож байв шүү. Гэтэл үнэн хэрэг дээрээ Британийн Ерөнхий сайд гэдэг нь улсыг удирдах шуурхай зорилтыг биелүүлдэг, хааны тааллыг парламент хийгээд хүн ардад хүргэж байдаг бараг техник ажилтан юм санж. Шударгаар хэлбэл, Михаил Горбачёв статусын хувьд II Элизабетатай уулзаж, харилцааныхаа стратегийг ярих, Маргарет Тэтчертэй ЗСБНХУ-ын Засгийн газрын дарга Николай Рыжков ярилцах ёстой байж.
Тэгэхээр ЗХУ-ын тэргүүн маань түүнээс өмнө хийгээд хойно гадаад улсын олон удирдагчийн адил эрхэм дээдэст хууртагдсан болж таарч байна. Горбачёвтай уулзахдаа II Элизабета “хуурах” ажиллагааг хийгээд гаршсан, энэ нь Британийн эртний уламжлалыг хадгалж, хамгаалагч, англи хүн бүрийн хоёр дахь ээжийн үүрэг нэгэнт болчихсон, түүнийг гүйцэтгэхэд хэдийн ямар ч төвөггүй болсон байжээ. Яриа хэлэлцээр хийхийн өмнө Маргарет Тэтчер ямар заавар авсан, Төрийн жинхэнэ тэргүүнд тэрбээр юу мэдээлэх үүрэгтэй, ЗХУКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргатай хийсэн дээд хэмжээний уулзалт ямар болсон зэргийн тухайд Горбачёвыг хүлээж авахдаа ч, Виндзорын шилтгээнээр аялж явахдаа ч эрхэм дээдэс ам нээсэнгүй. Төрийн энэ айхавтар нууцыг тэрбээр ямар ч нөхцөлд нээхгүй нь мэдээж. Түүний халааг авсан III Карл ч ялгаагүй. Төмөр хатагтай “Таны эхлүүлсэн өөрчлөлтийг дэмжинэ, үүнд туслахад бид бэлэн, тэгэхдээ Өрнөдийн үнэт зүйлсээ хамгаална гэж хатуу тохирсон” гэж хэлснийг Михаил Горбачёв дурссан байдаг. Энэ томьёолол ерөнхий нарийн бичгийн даргад юм бодуулах ёстой, яагаад гэвэл ЗСБНХУ-ыг бусдын үнэт зүйлсийг өөрийнхөөсөө илүү үзэж, хүлээн зөвшөөрч, түүнийг сахиж мөрдөхийг Британийн нэрд гарсан улстөрч гол болзлоо болгож тавьж байна шүү дээ. Харамсалтай нь, мань хүн юм бодсонгүй. Уинстон Черчилль Фултонд хэлсэн үгэндээ “Хүчний тэнцвэрийн тухай хуучин номлол одоо цагт тохиромжгүй” гэчихээд өөрийн хүсэл зоригийг бусдад, бүгдэд нь тулгах Англосаксоны ах, дүүгийн холбоо гээчийг шинээр санал болгочихоод байхад шүү. “Бидний хийж, номлож буйг маань хийцгээе” гэж Британийн Ерөнхий сайд цэвэр англи хэлээр бас уриалсан юм. Британийн эзэнт улс хийгээд Хамтын нөхөрлөлийн их хүчийг хэн ч гүйцэд үнэлэхгүй байг хэмээн Черчилль заналхийлж байсан. Фултонд түүний хэлсэн үгийг Михаил Горбачёв уншаагүй бололтой. Эсвэл тэр цагаас хойш олон жил өнгөрөөд Өрнөдийн үнэт зүйл өөрчлөгдсөн гэж бодсон юм болов уу. Үнэн хэрэг дээрээ бага багаар өөрчлөгдсөн, гэхдээ л Англосаксоны ертөнцийн үнэт зүйлсийг бүх улсад, бүх тивд ер хааяагүй хүлээж авах ёстой гэсэн гол агуулга нь яг хэвээр. Маргарет Тэтчер 150 жил үргэлжилсэн том тоглолтод бууж өгөх болзлыг Горбачёвт хэлжээ.
Намаа өөрчлөх, холбоог задлах ажилд эрт орж, эдийн засгаа зоригтой өөрчлөх хэрэгтэй байж хэмээн дээр бидний дурдсан өгүүлэлдээ Горбачёв алдсан боломждоо харамссан байдаг. Өөрчлөлтийг эрт эхлүүлсэн бол ЗСБНХУ мөн эрт задрах байсан, тэрбээр ийм дүгнэлт хийсэнгүй. Хэн түүнийг шавдуулав? Зарчмын энэ асуултад түүний өгүүлэл хариулт өгсөнгүй. “Эдийн засгийн хямралыг гэтэлж, эдийн засгаа өөрчлөх нь бидний зорилго, үүнийг бидний орноос хэн ч шийдэхгүй. Үүнийг бид ойлгож байгаа. Бид энэ хүчин чармайлтдаа амжилт олохыг Өрнөд ч хүсэх ёстой. Манай аугаа том оронд “эрүүл” эдийн засаг бий болох нь Өрнөдийн эрх ашигт нийцнэ. Тэгэхээр өөрчлөлтийн хамгийн эгзэгтэй, эрс эргэлтийн шатанд бид түншүүдийнхээ хариу үйлдэлд найдах эрхтэй гэж 1990 оны намар Өрнөдийн төлөөлөгчидтэй уулзахдаа би байнга онцолж байсан. ЗСБНХУ дахь өөрчлөлт тэгтлээ хурдацтай биш байгаа, манай эдийн засаг ч төдийлөн “зах зээл”-ийнх болж чадаагүй байна гэх санаа манай Өрнөдийн түншүүдийн үгэнд шууд болон дам утгаар цухалздаг байсан. Энэ нь тэдний зүгээс бидний өөдөөс хөдөлгөөн хийх боломжийг нь хумиад байсан” гэж өөрийн тэвчээргүй хандсаныхаа шалтгааныг Горбачёв тайлбарлажээ. Төрийн маань толгойд ямар гэнэн хүн байсан нь гайхалтай. “Ямагт өрсөлдөгч байсан этгээдээ тусална гэдэгт тэр үнэхээр найдаж байжээ. Капитализмд сул дорой байдал нь хэнийг ч өрсөлдөгчийнх нь эрхшээлд оруулдаг ганцхан жамтай.
ЗСБНХУ-ыг Горбачёв бутраагаагүй, энэ үнэн. Тэгэхдээ радикал үзэл, аядуу чанар, эвлэрэнгүй үзэлд амьдралаа дуустал сохроор итгэж байснаараа улсаа задарч бутрахад хүргэсэн. ЗСБНХУ-ын анхны бөгөөд сүүлчийн Ерөнхийлөгч өөрийн залгамжлагчдын бүхэл бүтэн үеийг өсгөж торниулсан гол эвлэрэнгүй үзэлтэн байв. “Үр дүнтэй өөрчлөлт шинэчлэл хэрэгтэй гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэгэхдээ аварга том улсыг үгүй хийж байж үүнийг хэрэгжүүлэхгүй л байсан болов уу” гэж өмнө нь нэр дурдсан Павел Шипилин үзэж байна.
Бэлтгэсэн Р.Жаргалант