Соёлын биет бус өвийн үзлэг, бүсчилсэн судалгааг анх удаа орон даяар зохион байгуулна. Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг илрүүлэх зорилготой уг арга хэмжээг Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, хээрийн судалгааны багийнхан хамтран зохион байгуулах аж. Үзлэгт долоон ай савын 362 өвийг хамруулахыг Соёлын яамнаас мэдээлсэн. Тухайлбал, эх хэл, аман уламжлал, ардын язгуур урлаг, уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага, байгалийн болон сав, шим ертөнцийн тухай мэдлэгийг хамруулах нь. Мөн мал маллах ухаан, уламжлалт зан үйл, гар урлал зэргийг багтаах аж. Үзлэг, бүсчилсэн судалгааны үр дүнд соёлын биет бус өвийг сурвалжлан олж, судалгааны эргэлтэд оруулахын зэрэгцээ хадгалалт, хамгаалалт, эерэг болон сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлийг тогтоох гэнэ. Түүнчлэн тархалтын нөхцөл байдлыг тодруулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах юм байна. Үзлэгийг энэ сараас эхлүүлж, ирэх оны аравдугаар сарын 15 хүртэл үргэлжлүүлэх нь. Ташрамд дурдахад, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллого өдгөө орон даяар үргэлжилж буй билээ.
Бэлтгэсэн М.Оч