Охидын олон улсын өдөр өчигдөр тохиолоо. НҮБ-ын Ерөнхий ассамблей 2011 оноос жил бүрийн аравдугаар сарын 11-нийг Охидын олон улсын өдөр болгон тунхаглажээ. Эл өдөр НҮБ-ын гишүүн 193 орон, иргэний нийгмийн байгууллагуудыг охидын эрх, энэ талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаарахыг уриалдаг байна. Энэ жилийн уриа нь “Бидний эрх, бидний ирээдүй” байв. Үүнтэй холбоотойгоор манай улсад Хүүхдийг ивээх сангийн “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн багийнхан “Охидын эрх болон хүрэхүй” сэдэвт сургалт зохион байгуулав. Мөн НҮБ-ын Хүүхдийн сан, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран “Технологийн салбар дахь охидын манлайлал” сэдэвт онлайн хэлэлцүүлэг өрнүүллээ. Түүнчлэн Архангай аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид “Том хамарт одой” хүүхдийн жүжиг толилуулж, жүжиг үзсэн охидод бэлэг гардуулсан. Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрынхан “Асаж буй толгод” уран бүтээлээ бяцхан үзэгчдэд хүргэжээ. Үүнээс гадна Боловсролын ерөнхий газраас “Охидын гэх тусгайлсан үзлэг байх ёсгүй” гэсэн уриалгыг гаргаснаа олон нийтэд танилцуулсан юм.
Бэлтгэсэн А.Тайшир