Уран зургийн хосгүй үнэт бүтээлүүдийг хадгалж буй Монголын уран зургийн галерейн дэргэд олон улсын стандарт бүхий, уран зураг сэргээн засварлах иж бүрэн лаборатори байгуулахаар болсон. Тодруулбал, ХБНГУ-ын ЭСЯ, “Гёте” институтийн дэмжлэгтэйгээр дээрх галерейн дэргэд “Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах” төслийг 2021 онд боловсруулан, ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны “Соёлын өвийг хамгаалах хөтөлбөр”-т илгээсэн нь дэмжигдсэн юм. Ийнхүү тус хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар байгуулсан, Монголын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн уран зураг сэргээн засварлах анхны лабораторийг байгуулж, ашиглалтад орууллаа. Тус лабораторийг олон улсын стандартад нийцсэн тавилга, багаж хэрэгсэл, материал, орчин үеийн технологиор бүрэн тохижуулсан байна. Түүнчлэн үйл ажиллагааг цаашид тогтвортой явуулахын тулд хүний нөөцийн чадавхыг сайжруулж буй гэнэ. Үүний тулд гэмтэлтэй зураг сэргээн засварлах чиглэлээр ХБНГУ-ын сэргээн засварлагч Сузанне Эрхардс Монголын уран зургийн галерейн хоёр сэргээн засварлагчийг тусгайлан сургаж, мэргэшүүлэх эхний шатлалт сургалт зохион байгуулж байгаа аж. Цаашид энэхүү лаборатори нь үндэсний хэмжээнд өргөн цар хүрээтэй ажиллах бөгөөд хувь цуглуулагч болон бусад музей, галерейн бүтээлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд сэргээн засварлах боломжтой юм байна.
Бэлтгэсэн А.Тайшир