Нобелийн шагнал бол манай гаригийн хамгийн нэр хүндтэй урамшуулал юм. Зохиосон, бүтээсэн хүмүүс нь энэ шагналын эзэн болсон нээлтүүдийн тоонд рентген туяа, пенциллин... гээд олон бүтээл ордог. Нобелийн шагналтнуудын дотор Нельсон Мандела, XIV Далай лам, Габриэль Гарсиа Маркес, Сельма Лагерлеф, Эрнест Хемингуэй нар бий. Нэр цуутай зохиолчдоос уран зохиолын бүтээлээрээ уг шагналыг хүртсэн хэдхэнийг нь энд нэрлэлээ. Шагналыг 1901 оноос физик, хими, физиологи, анагаах ухаан, уран зохиол гэсэн таван салбараар, түүнчлэн энхийн үйлсэд оруулсан хувь нэмрээр нь олгож ирсэн юм. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа жил бүр арванхоёрдугаар сарын 10-нд болдог. Таван салбарт Нобелийн шагнал авахаар шалгарсан хүмүүс Шведийн вангийн гараас алтан медаль, мөнгөн урамшуулал гардахаар дэлхийн өнцөг булан бүрээс нийслэлд нь энэ өдөр цугларна. Ёслолын дараа хотын захиргааны байранд хийх тансаг цайллага шагналтнуудыг хүлээж байх бөгөөд түүнд шагнал хүртэгсэд гэр бүлийн гишүүдийн хамт уригдахын зэрэгцээ хаад, вангууд, Ерөнхий сайд нар, Парламентын гишүүд хийгээд янз бүийн орноос өндөр дээд зочид уригдан морилно. Харин Нобелийн шагналыг Шведийн Стокхолмд биш, Норвегийн Осло хотын Дуурийн театрт тогтсон өдрөө гардуулдаг юм.
Нобелийн шагнал нь Шведийн эрдэмтэн, зохион бүтээгч, үйлдвэрийн эзэн Альфред Нобелийн (1833-1896) үлдээсэн өв. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хүн төрөлхтний түүхэнд онцгой хувь нэмэр оруулсан хүнд шагнал хүртээж байх сан бий болгоход тэрбээр өөрийн бүх хөрөнгийг зориулахыг гэрээслэсэн байдаг. Аль улсынх байхаас үл хамааран сод гарамгай эрдэмтэн, уран зохиолч, нийгмийн зүтгэлтэн нарт уг шагналыг хүртээж байхыг Нобель захисан юм билээ.
Альфред Нобель Стокхолм хотын зохион бүтээгч, үйлдвэрлэл эрхлэгч Эммануил Нобелийн гэрт төржээ. Энэ хүний ундарсан их эрч хүч, хийж бүтээх ашиг сонирхол нь түүний гэр бүлийг Оросын Санкт-Петербург хотноо аваачсан байна. Нобелийн эцэг энд шунгадаг мина бий болгохоор ажиллаж, удалгүй тэсэрч дэлбэрэх төхөөрөмж бүтээсэн туршлагыг сонирхох болжээ. Ийм туршилт сорилтод удалгүй хүү Альфред нь ч татагдсан аж. Хүү 17 настайдаа л авьяаслаг химич болох ирээдүйтэйгээ харуулсан байна. Ташрамд хэлэхэд, Альфред Нобель дээд сургууль төгсөөгүй ч эцэг нь олсон хувийн багш нарын ачаар хүний дор орохооргүй боловсролтой болжээ. Сүүлд нь химийг Парис болон АНУ-д судалсан аж. Амьдралынхаа сүүлчийн үе рүү Нобель янз бүрийн юм зохион бүтээсний 355 патент эзэмшиж байв. Төрөлх эх орон Шведээсээ гадна Орос, Франц, Британи, Герман, Италид Нобель ажиллаж, амьдарч явжээ. Тэрбээр орос, англи, герман, франц, швед таван хэлээр чөлөөтэй харилцдаг байсан аж. Түүнээс гадна уран зохиолд ихэд шимтдэг, шүлэг бичдэг, дуурь зохиосон байдаг.
Нобелийн нэр юуны урьд бүтээн байгуулалт, цэргийн үйлдвэрлэлд амьд байхад нь нэвтрүүлсэн хүчтэй тэсрэх бодистой холбогддог юм. Энэ бодис аж үйлдвэрийн эриний нэг хөдөлгөгч хүч болсон. Тэсрэх дэлбэрэх төхөөрөмж, орчин үеийн зэвсгийн төрөл бий болгосонд Нобель хувь нэмэр оруулж, хүчирхэг зэвсэг бүтээснээр хүн төрөлхтнийг зэвсэглэлээс татгалзахад хүргэнэ гэдэгт туйлаас итгэдэг, аливаа дайныг эсэргүүцэгч байж. Тиймээс ч өөрийн хөрөнгийг шагнал бий болгоход зориулахыг захиж, үхэл тарих бүтээл хийхэд оролцсоноор өөд болсны дараа өөрийн нэрийг цагаатгахыг хүсэж байсан гэж үздэг хүн бий.
Нэрэмжит шагналыг нь чухамхүү Осло хотод гардуулж байхыг Нобель гэрээслэлдээ хичээнгүйлэн хүссэн, харин яагаад гэдгийн нарийн учрыг огт тайлбарлаагүй юм байна. Норвегийн яруу найрагч Бьернестерне Бьёрсоны авьяасыг шүтэн биширдэг байснаас шагналаа гардуулж байх улсаар Норвегийг сонгосон байж болох гэх таамаглалыг хэн нэг нь дэвшүүлсэн байдаг ч үүнийг нотлох олигтой баримт олдоогүй юм. Энэ яруу найрагч нь хожим нь уран зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн байдаг. Австри, Германд энхийг эрхэмлэсэн хөдөлгөөн өрнөхөд байгуулсан гавьяаг нь хүлээн зөвшөөрсний илэрхийлэл бол гон Австрийн гүнгийн гэргий Берта фон Суттнерийг 1905 онд Нобелийн энхтайвны анхны эмэгтэй шагналтан болгосон байна. Берта нь Нобельтой сайн танил байсан бөгөөд Альфредийг өөд болтол тэд дотно сайхан үгтэй захидлаар харилцаж байжээ.
Энхийн үйлсэд гавьяа байгуулсан хүмүүст Нобелийн шагнал олгож байх сэдлийг энэ бүсгүй л зохион бүтээгчид төрүүлсэн юм. Хожим Теодор Рузвельт (1906), Мартин Лютер Кинг (1964), Тереза эх (1979) нар Нобелийн энх тайвны шагналтан болсон бол 1993 онд уг шагналыг Нельсон Мандела, Фредрик Виллем Клерк нарт хувааж олгохдоо Өмнөд Африк дахь апартеид дэглэмийг унагасныг нь тэмдэглэсэн байдаг.
Нобелийн шагналд нэр дэвшигчдийг эрдэм шинжилгээний хэд хэдэн хүрээлэн судалж, сонгодог юм. Физик, химийн салбарын шагналыг олгох эрхийг Шведийн вангийн академи эдэлж, эдийн засгийн салбарын нэр дэвшигчийг мөн сонгодог. Шинжлэх ухааныг хөгжүүлэх, шинэ нээлтийг практикт хэрэглэхэд түлхэц үзүүлэх зорилгоор Шинжлэх ухааны академийг Шведэд 1739 онд байгуулжээ. Одоо тус академи Шведийн 450, гадаадын 175 гишүүнтэй болсон байна. Шведийн академи нь уран зохиолын салбарын Нобелийн шагналд нэр дэвшигчийг сонгох ажлыг хариуцсан тусгай байгууллага юм. 1786 онд байгуулагдсан бөгөөд насаар нь сонгодог 18 гишүүнтэй. Каролины хүрээлэнгийн дэргэдэх Нобелийн хороо анагаах ухаан, физиологийн салбарт онцгой нээлт хийсэн хүмүүст жил бүрийн Нобелийн шагналыг гардуулж өгдөг юм. Энэ хүрээлэн Шведдээ анагаахын шинжлэх ухааны хамгийн нэр хүндтэй байгууллага гэж үнэлэгддэг. Тус хүрээлэнтэй гадаадын шинжлэх ухааны нийгэмлэгүүд ч хамтран ажилладаг юм. Анагаах ухааны салбарт Нобелийн шагналд өрсөлдөгчдийг Каролины хүрээлэнгийн 50 профессор судалж, шагнал хүртэгчийг тодруулдаг аж. Норвегийн Нобелийн хороо энхтайвны шагналыг гардуулдаг. Энэ салбарын шагналыг “ард түмнүүд”-ийн хооронд ах дүүгийн харилцааг бэхжүүлэх, армийн зэвсгийг хураах, энхтайвны үзэл санааг урагш ахиулахад оруулсан онцгой хувь нэмрийг үнэлж өгдөг юм. Норвегийн хороо 1897 онд үндэслэгдсэн, Норвегийн Парламентаас томилсон таван гишүүнтэй. Нэр дэвшигчийн талаарх мэдээллээ тус хороонд нэгдүгээр сарын 31-ний өдөр өгөх ёстой. Тэгээд хороо хийгээд өөр хэд хэдэн байгууллага нэр дэвшигчийн талаарх тодорхойлолт, мэдээллийг шилж сонгох нэлээд төвөгтэй, нууц ажиллагааг нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ. Аравдугаар сарын хоёр дахь долоо хоногт шагнал хүртэх хүмүүсийн нэрсийг нарийн дэгээр, тодруулбал анагаахын салбарынхаас нь даваа гаригт эхлэн, энхтайвны шагналтнаар баасан гаригт дуусгаж нэг нэгээр нь олон түмний сонорт хүргэнэ. Эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртэхээр тодрогчийг дараачийн даваа гаригт нь зарлана. Шагнал авах болсноо нэр дэвшигчид албан ёсны хэвлэлийн бага хурал болохоос хэдхэн минутийн өмнө мэднэ.
Нобелийн шагналын цайллага жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-нд Стокхолм хотын захиргааны Хөх танхимд 1300 зочид цуглуулан хийдэг томоохон үйл явдал юм. Энэ цайллагад тун дорвитой бэлтгэдгийг хэлэх ч юм биш. Гал тогооны өрөөнд гайхамшгийг бүтээгч тогооч, зөөгч, үйлчлэгч гээд орон бүрээс ирсэн өндөр дээд зочдыг ая тухтай байлгахад тусгайлан бэлтгэгдсэн хэдэн зуун хүн цайллагыг өө сэвгүй өнгөрөөх үүрэг хүлээн хамгийн үл ялих зүйл дээр ч алдаа гаргахгүйг хичээж ажиллана. Шагнал хүртэгч бүр гэр бүл, түнш нарынхаа зэрэгцээ өөрийн гэсэн 14 зочныг урьж ирүүлж болдог. Цайллагад Альфред Нобелийн болон Шведийн вангийн гэр бүлийн төлөөлөл тогтмол хүрэлцэн очдог.
Одоо бидний авсан мэдээллээр Шведийн биологч Сванта Паабо устаж үгүй болсон гоминидын геном болон хүний хувьслын чиглэлээр хийсэн нээлтүүдээрээ физиологи, анагаах ухааны салбарт энэ оны Нобелийн шагнал хүртэхээр болсныг өнгөрсөн даваа гаригт зарлаад байна. Энэ эрдэмтэн судалгааны ажлынхаа үр дүнгээр неандерталь (Мөстлөгийн үед амьдарч байсан гэж үздэг) хүний геномын дарааллыг тогтоосон аж. 70 мянган жилийн өмнө Африк тивээс нүүж ирсэнийхээ дараа устсан гомининуудын генүүд орчин цагийн хүнд шилжсэн болохыг Сванта Паабо баталжээ. Физикийн салбараас Францын эрдэмтэн Ален Аспет, Австрийн эрдэмтэн Антон Зейлингер, Америкийн эрдэмтэн Жон Клаузер нарыг тодруулснаа зарлаад байна.
Бэлтгэсэн Р.Жаргалант