Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, сэтгүүлч, гэрэл зурагчин Бөхийн Баастын “Ус хаа ч адилхан” үзэсгэлэнг өнөөдөр нээнэ. Б.Бааст агсан утга зохиол бичихээс гадна баримтат гэрэл зураг авч, түүнийгээ гар аргаар боловсруулж байсныг гэрчлэх 300 гаруй хальс хувийн архивт нь хадгалагдаж байв. Бичгийн эрдэм чадварынх нь цараагаар гэрэл зургууд нь ч өгүүлэмжээр баялаг гэдэг. Тэдгээр гэрэл зургийг түүний өвийг залгамжлагч гэр бүл, үр хүүхдүүд нь нээн илрүүлжээ. Ингээд зохиолчийн гэрээслэн үлдээсэн хэвлэн нийтлэх зөвшөөрлийн дагуу мэргэжлийн гэрэл зурагчидтай хамтран “Үзгээр бичээгүй тэмдэглэлүүд: Ус хаа ч адилхан”, “Үзгээр бичээгүй тэмдэглэлүүд: Бидэнд даарах зав байсангүй” хэмээх хоёр боть ном бүтээснээ түүний мэндэлсний 100, 101 насны ойг тохиолдуулан “Ус хаа ч адилхан” гэрэл зургийн үзэсгэлэнгийн хамт дэлгэх гэнэ. Энэхүү үзэсгэлэнд дэлгэх, 1956-1980 он хүртэлх гэрэл зургийн бүтээлүүдийн тайлбарыг зохиолчийн өдрийн тэмдэглэл, шүлэг зохиолоос нь эмхэтгэн бүтээжээ. “Ус хаа ч адилхан” үзэсгэлэн энэ сарын 16 хүртэл MN арт галерейд үргэлжилнэ.
Бэлтгэсэн А.Хангал