Монголын байт харваачид АНУ-ын Янктон хотод энэ сарын 2-10-нд зохион байгуулж буй хээрийн харвааны (Field archery) ДАШТ-д цэц сорьж байна. 24 орны 200 гаруй тамирчин рекурв, компаундаас гадна хараа, ачаагүй хоосон нумны төрөлд насанд хүрэгчид, залуучууд гэсэн ангилалд өрсөлдөж буй юм. Хээрийн харвааны төрөл нь Дэлхийн байт харвааны холбооноос хөгжүүлж байгаа төрлийн нэг. Уг харвааны онцлог нь тэгш, хэвгий, ой модонд гээд янз бүрийн байрлалд тодорхой болон тодорхойгүй зайнаас харвадаг дүрэмтэй тул оролцогчдоос мэдрэмж, ур чадвараас гадна авхаалж самбаа илүү шаарддаг аж.